Өвөлжилтийн бэлтгэл ажлыг "хангалттай сайн" гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-08 17:56:25

Хэнтий /МОНЦАМЭ/ ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн ХАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлыг "хангалттай сайн" гэж дүгнэлээ. 


Тус аймгийн хэмжээнд 8.9 мянган малчин өрхөд 5.1 сая толгой мал өвөлжиж байна. Аймаг, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 92.4 хувьтай, аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангасан ерөнхий дүн 91.7 хувьтай байна. Хэнтий аймгаас нийт 1238 өрхийн 606.1 мянган толгой мал отроор өвөлжихөөр бэлтгэлээ хангаад байгаа бол Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт 412 өрхийн 285.0 мянган толгой малыг отроор өвөлжүүлэхээр шийдвэрлэжээ.


Малын найман төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 577,1 мянган мал хамруулж гүйцэтгэл 89,5 хувьтай үргэлжилж байгаа талаар холбогдох салбарын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Хуралдааны төгсгөлд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле зарим асуудалд анхаарч ажиллахыг санууллаа. Тухайлбал зарим аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэйгээс үүдэн малчид оторлох явдал ихэсдэг. Ажлын хэсгийн зүгээс нэг аймагт дарамт үүсгэхгүйгээр зуншлага гайгүй аймгууд руу хуваарилахаар шийдвэрлээд байгаа хэдий ч малчид өөрсдөө дур мэдэн оторлох тохиолдол гарах магадлалтай байгаа тул аймгийн зүгээс бэлтгэлтэй байх, тэр дундаа өвчтэй мал оруулахгүй байх, хяналтаа сайн тавихыг Мал эмнэлгийн газарт үүрэг болголоо.

Улмаар малчид, иргэдийн дунд үл ойлголцол үүсэх магадлалтай тул Цагдаагийн газар хэв журмыг зохицуулах, цаашлаад мэргэжлийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллахыг анхаарууллаа.



Холбоотой мэдээ