“Ховд түншлэл-2019” зөвлөгөөнд 100 гаруй хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-08 21:48:02

Ховд /МОНЦАМЭ/. “Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөн 11 дүгээр сарын 08-ны өдөр болов.

Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн гурван чиглэлээр 33 мэргэжлийн дагуу сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Тус коллеж нь суралцагчыг дадлагажуулах, ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах зорилтын хүрээнд орон нутгийнхаа 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна.

Энэ утгаараа байгууллага, аж ахуйн нэгж хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор “Ховд түншлэл” үйл ажиллагаа, зөвлөгөөнийг жил бүр санаачлан зохион байгуулдаг.

Энэхүү уламжлалын дагуу “Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулснаар 100 гаруй хүн оролцов.

Энэ удаагийн зөвлөгөөнийг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын ивээл дор зохион байгуулснаараа онцлогтой. Мөн зөвлөгөөний үйл ажиллагааг Мэргэжлийн боловсролын Үндэсний зөвлөлийн орон нутгийн салбар, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, “Ховд АЗЗА” ТӨХК зэрэг байгууллага дэмжин ажилласан юм.  

Зөвлөгөөний хүрээнд өнгөрсөн онд Хөгжил политехник коллеж болон түншлэгч байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн ажил, амжилт ололт, цаашид тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид харилцан санал солилцлоо.

Энэ үеэр төрийн байгууллагын зүгээс сургуулийн гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлд бодлогоор дэмжих, оюутан суралцагчид шинэ техник, технологи эзэмших, дадлага сургууль хийхэд  аж ахуйн нэгжүүд дэмжин ажиллах зэрэг нэлээд санал гаргасан юм.    

Үүнээс гадна “Ховд түншлэл-2019” зөвлөгөөний үеэр 17 мэргэжлийн дагуу 232 нэр төрлийн бүтээгдэхүүн, 81 багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгов.

 

Холбоотой мэдээ