Академич Т.Ган-Эрдэнэ БНХАУ-ын "Найрамдал" шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-12 12:50:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Т.Ган-Эрдэнэ БНХАУ-ын "Найрамдал" шагнал хүртсэн анхны монгол хүн боллоо.   

"Найрамдал" шагнал нь "Хятад улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны хөгжил дэвшил, гадаад хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын мэргэжилтнүүдэд олгодог" БНХАУ-ын дээд шагнал юм. Энэ шагнал 1950-аад онд анх бий болж, Хятад улсын Ерөнхий сайд Жоу Энлай Зөвлөлт Холбоот Улс, Зүүн Европын орнуудын мэргэжилтнүүдэд гардуулж байжээ. 1991 оноос Хятад улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гадаад мэргэжилтнүүдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр нэр дэвшигчдийг шалгаруулдаг. Хятад улс байгуулагдсаны тэгш ойн жилд  100, бусад жилд 50 гадаадын мэргэжилтнийг 10 дугаар сарын 1-ний өдөр буюу БНХАУ Үндэсний  баярын өдрөөр шагнадаг болсон байна.  Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиосон  2019 оны шагналыг  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ гардуулж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян баяр хүргэж үг хэлсэн байна.


Өнөө  жил уг шагналаар АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт, эрдэмтэн Жеймс Ж.Хекман, Франц улсын иргэн, Олон улсын цөмийн судалгаа, инженерийн мегатөслийн Ерөнхий захирал, доктор Бернард Бигот тэргүүтэй АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон, Франц, Австрали, Монгол зэрэг  31 орны 100 мэргэжилтэн шагнагдлаа. 

Холбоотой мэдээ