Ж.Буяндалай: Хүн өөрийн оюун ухаан, мэдрэмж, хичээл зүтгэлээ уран бүтээлд шингээх нь сайн бүтээл туурвихын эхлэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-12 11:33:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын ахмад багш, Монголын Зохиолчдын эвлэл, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шагналт зохиолч,  торгууд судлаач Ж.Буяндалайтай уулзаж, түүний уран бүтээлийн замналын талаар ярилцлаа. 


-Та ямар сургууль төгссөн вэ? Ажил мэргэжлийнхээ онцлогийг танилцуулахгүй юу?        

-Би 1940 онд Булган сумын Алагтолгой багийн малчин, Торгууд ястан Жумбайн тавдугаар хүү болж мэндэлсэн. 1960 онд Ховд аймагт 10 жилийн сургууль, 1964 онд УБДС төгсөж, Орос хэл, гадаад уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн юм. Ингээд Ховд аймгийн Үенч, Алтай, Булган суманд орос хэлний багш мэргэжлээр 35 жил ажилласан. Мөн 1990 онд МУИС-д Монгол хэл, уран зохиолын багшийн анги, мөн сэтгүүлчийн түр курст тус тус суралцаж байсан. Улмаар 2000 онд өндөр насны гавьяаны амралтаа авсан бөгөөд өдгөө 80 нас хүрч явна. 

-Таны анхны шүлэг “Би” гэх сэдэвтэй. Уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхээс хуваалцана уу?

-Тэртээ 1954 онд дөрөвдүгээр ангид сурч байх үед пионер сурагчдын дунд урлаг, соёлын олимпиад зохион байгуулсан. Түүнд “Би” гэх дөрвөн бадаг шүлэг тэрлэн оролцсон минь тэргүүн байрт шалгарч, улмаар “Сургуулийн зохиолч” гэсэн үнэмлэх авсан. Ингээд миний хувьд сумынхаа анхны зохиолч болох суурь тавигдсан төдийгүй анхлан уран зохиолын бүлгэм байгуулсан гэж үзэж болох юм.

Би одоо Булган сумынхаа хамгийн анхны, ахмад зохиолч гэдгээрээ бахархдаг. Яагаад гэвэл, надаас уламжлаад Булган суманд л гэхэд 62 яруу найрагч, зохиолч төрөн гарчээ. Ихэнх нь миний шавь нар юм.

Мөн би ах, дүү 10-уулаа. Манайд шүлэг, зохиол бичдэг хүн байгаагүй. Хамгийн анх удаа санаандгүй тохиолдлоор “Би” гэдэг шүлэг бичсэн минь шагнал аваад зогсохгүй зохиолчийн үнэмлэхтэй болгосонд ихэд баярлаж байлаа. Түүнээс урам авч, хэд хэдэн шүлэг бичсэн.

1960 онд 10 дугаар ангид сурч байх үед  Ховдын "Хөдөлмөр" сонины гадна самбарын дэргэд нэгэн хайрцаг байдаг байлаа. Тэр хайрцагт бичсэн шүлгээ хийсэн. 10 гаруй хоногийн дараа ангийн багш маань надад сонин, 5 төгрөгийн хамт авч ирж өглөө. Чиний шүлэг сонинд гарсан байна гээд... Тэгээд би багшаа мөнгө өгдөг юм уу гэж асуусан. Тиймээ,  чи сайн бичиж байгаарай гэж тэр хэлсэн юм. Ийнхүү Ховдын "Хөдөлмөр" сонинд “Хавар” нэртэй шүлэг нийтлүүлснээр уран бүтээл туурвих замнал минь эхэлж билээ.

-Та 50 гаруй жилийн хугацаанд хэчнээн бүтээл туурвисан бэ?

-Бүтээн туурвихын сайхан тал нь хийсэн ажил, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртэх гэж бодож байна. Одоо хийсэн ажлаа эргэцүүлвээс 40 орчим ном бичиж, соёлын судалгаа хийжээ. Эх орныхоо бүхий л хэвлэл, радио болон Москва, Бээжин хотын радиод нийт 5000 гаруй мэдээ, материал, сурвалжлага, шүлэг, өгүүллэг нийтэлсэн байна. Улмаар бүтээлийнхээ цуглуулга хийж хадгалсан байгаа.  

- Та голчлон Торгууд угсаатны соёлын судалгаа хийсэн. Энэ талаар...?

- Миний хувьд 1960 оноос уран бүтээл туурвихын зэрэгцээ судалгааны ажил хийсэн. Ингэхдээ Торгууд угсаатны соёлыг голчлон судаллаа. Миний бичсэн “Торгууд ардын дуу”-ны хоёр түүвэр номд 300 гаруй дуу багтсан байдаг. Ер нь Торгууд судалгааны чиглэлээр нийт 13 ном нийтэлж, олон нийтийн хүртээл болгосон.

-Таны хувьд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж нэлээд шагнал хүртсэн байх?

- Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медаль, хүндэт тэмдэг зэрэг 30 гаруй шагнал, 20 орчим баярын бичиг, талархал надад бий. Тухайлбал, Боловсрол, Хэвлэл мэдээлэл, Соёл, Байгаль хамгааллын салбар гэсэн 4 чиглэлд тэргүүний ажилтан цол хүртэж байлаа. Энэ мэтчилэн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэндээ баярлаж явна. Уран бүтээлч хүн гэдэг их сайхан. Түүний хийсэн бүхий л ажил, амжилт ололт түүх болно гэж бодож байна.

-Та тэтгэвэрт гараад зүгээр суусангүй. Нэлээд ажил санаачлан хийж байгаа. Энэ тухайд…?

-Тийм ээ. Жимс жимсгэнэ үржүүлж, мод, ногоо тарихаас гадна  мал маллаж байна.

Мөн 2006 онд анх санаачлан Ховд аймгийн баруун бүсийн сумдын зохиолчдын “Минжит Булган” уран зохиолын нэгдэл байгуулан ажиллаж байна. Жил бүр “Домогт Байтагийн уянга” яруу найргийн наадам зохион байгуулж, идэвхтэн бичигч, яруу найрагчдыг урамшуулж, идэвхжүүлж байна.

Миний хувьд багшлах хугацаандаа сурагчдын дунд Ган үзэг, Дохио, Уянга гэх мэт тэмцээн зохион байгуулах замаар жил бүр сум орон нутгийн дэмжлэгтэйгээр хүүхэд, залуучуудыг хөгжүүлж ирсэн түүхтэй. Энэ хугацаанд 30 гаруй яруу найргийн тэмцээн хийжээ.

-Таны бодлоор уран бүтээл туурвихын эхлэл юу байх вэ? Туршлагаасаа хуваалцана уу?

-Ном их унших, өдөр бүр тэмдэглэл хийх хэрэгтэй. Олон хүнтэй уулзах, ярилцах замаар мэдээлэл солилцох, ахмад настнаас суралцах нь чухал. Хүн өөрийн оюун ухаан, мэдрэмж, хичээл зүтгэлээ уран бүтээлд шингээх нь сайн бүтээл туурвихын эхлэл байх.

Миний хувьд мал хариулж явахдаа ч зав гаргаад шүлэг бичдэг. Одоогоор гэртээ уран бүтээл туурвиж байна. Цаашид нэг урлангийн газартай болох юм сан гэж боддог. Өдгөө 50 гаруй жил хийсэн ажил, уран бүтээлээ эмхэтгэн ном болгохыг зорьж байна.  

-Уншигчдад өөрийн үзэл бодлоос нээлттэй хуваалцахгүй юу?

-Миний бодлоор сүүлийн үед “уламжлал” гэдэг зүйл бүдгэрч байна. Өдгөө малчид морь, тэмээ унахаас илүүтэй мотоцикл, машин унах нь элбэг болжээ. Монгол үндэсний хувцас, тэр дундаа торгууд хувцас өмсөх нь бага байна. Би үндэсний хувцас өмсөхөөс эхлээд монгол ахуйн уламжлалаа түгээн дэлгэрүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж бодож байна.   

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 

 

Холбоотой мэдээ