БНСУ-д үйлдвэрийн осолд өртсөн монгол иргэдэд 127 сая вон олгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-11-12 14:21:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын төв “Амжилттай юу” мэдээллийн өдөрлөгийг  Сөүлийн Үндэсний их сургуулийн хурлын танхимд энэ сарын 10-нд зохион байгууллаа.

Өдөрлөгт БНСУ дахь “Yoksam Global Village” төвийн дарга Нихат, БНСУ-ын Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын зөвлөх гишүүн Аман Уллах, ХНХЯ-ны БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төвийн мэргэжилтэн Д.Үнэнбат, Сөүлийн их сургууль төгсөгч Б.Бодьгаль, М.Ёндонжамц, Б.Ариунзаяа нар “БНСУ дахь визний төрөл болон визтэй холбоотой түгээмэл асуудал”, “Ажлын байранд гарсан осол эндэлтэй үед авах арга хэмжээ”,  Сургуулиас гадуурх гадны оюутнуудад олгодог тэтгэлгийн талаарх мэдээлэл, ажил хайх арга” зэрэг сэдвээр илтгэл тавьж, өдөрлөгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариулав.

Визний ангиллаас үл хамааран тус улсад хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаад үйлдвэрийн осолд өртвөл эмчилгээний G1 виз олгон, эмчилгээ дуусгавар болтол үйлдвэрийн ослын даатгалын газраас эмнэлгийн төлбөр зардлыг хариуцан нөхөн олговор олгодог журам үйлчилж эхлээд байгаа билээ.

Үйлдвэрийн осол гэмтэлд орсон тохиолдолд хамгийн түрүүнд ХНХ-ын Үйлчилгээний төвд өргөдөл бичиж асуудлаа шийдвэрлүүлэх, даатгалд хамрах заалтын тухай илтгэгч нар дэлгэрэнгүй тайлбарлав. Тус улсад хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн визтэй визгүйгээс үл шалтгаалан хөдөлмөрийн харилцаанд орж 1 цаг болоод гэмтсэн ч ажил олгогч 100 хувь эрүүл мэндийн эмчилгээний даатгалыг төлдөг журамтай. Хэрэв ажил олгогч ажилтнаа хохироож нөхөн олговрыг олон сараар төлөхгүй хуримтлуулах, эсвэл бүр төлөөгүй тохиолдолд БНСУ-ын Засгийн газрын байгууллага болон Хөдөлмөр Хамгааллын төвийн Үйлдвэрийн ослын даатгалын төвөөс албадан төлүүлдэг. Төлөх хувь хэмжээ нь тухайн үйлдвэрийн орчноос хамаарч 0.33-0.7 хувь байдаг байна.

БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Төвийн мэргэжилтэн Д.Үнэнбат, Сүүлийн хоёр жилийн түүвэр судалгаагаар үйлдвэрийн осолд өртсөн 205 өргөдөл гомдол манай төвд ирсэн. Төвийн мэргэжилтнүүд үйлдвэрийн осол мөн эсэхийг нотлох баримтыг үндэслэж тогтоодог. Samsung даатгалаас хянаж нөхөн олговрыг олгодог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэрээт болон хууль бусаар БНСУ-д ажиллаж буй иргэдийн гомдол өргөдлийг шийдвэрлүүлж 127 сая гаруй вон олгуулсан. Визгүй буюу хууль бус оршин суугч иргэдэд 93 сая гаруй вонын нөхөн олговрыг нь олгуулжээ. Ер нь ажлаас гэр хүрэх, хүүхдээ цэцэрлэг, сургуулиас авах, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхээр явахдаа зам тээврийн осолд өртсөн тохиолдолд ч Үйлдвэрийн ослын даатгалын нөхөн олговор хүртэх боломжтой” хэмээв.

Өдөрлөгт хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ТББ-ынхан, D-10 визтэй сургууль төгсөгчид оролцлоо гэж БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын төв мэдээлэв.


Холбоотой мэдээ