Ц.Сандаг-Очир: Худгаас халуун ус авах боломжтой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-12 16:11:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар зохион байгуулж буй зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, дүүрэг, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нарын нийт 2000 гаруй хүн оролцож байна.


Зөвлөгөөний үеэр нийслэлийн шилдэг дүүргээр шалгарсан Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очиртой уулзав.

-Танай дүүрэг ямар үзүүлэлтээр тэргүүлэв? 

-Өнгөрсөн онд нийслэлээс “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулсан. Тэр аянд манай дүүрэг тэргүүлсэн. Энэ гол нь тохижолтын ажил байлаа. Ямар ч дүүрэг манайх шиг шилдэг, тэргүүний болж болно. Гагцхүү энд сэтгэл, санаачилга, хамтдаа хөдлөх зохион байгуулалтын ажил л чухал юм. Жишээ нь, санал санаачилга байвал иргэд худгаас халуун ус авах боломжтой, ингэж үйлчилж болно шүү дээ.

-Бусад дүүргүүд хийх боломжтой ямар ажлыг та санал болгох вэ?

-Бид ажлаа хорооноос, айл өрхөөс эхэлсэн. Жишээ нь, гэр хороололд зун, борооны улиралд шавар шавхай тогтоод, машин тэрэг, хүн явахын эцэсгүй болоод, үер болох аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд бид нэлээн олон гудамжийг ус тогтдоггүй байх үүднээс тухайн газрын хөрсийг сольж, нягтруулж, суваг шуудууг тухайн газрын голдиролоор нь гаргах зэргээр ажилласан. Энд гол нь иргэдэд “Манай хашаанд л ус орж ирэхгүй бол болоо” гээд гэрийнхээ хойгуур урдуураа суваг татаад өнгөрдөг тэр ухамсар сэтгэхүйгээс нь салгаж, гаргаж хамтач байдалд шилжүүлэх нь чухал юм.

Орон сууцтай айлууд болон албан газарт мөн ялгаагүй. Хаалгыг нь кодтой болгох, хана, шалыг плитагаар шинэчлэх зэргээр орцоос нь эхлүүлсэн. Уг нь энэ нь нэг их ажил ороод байх биш юм билээ. Нэг орцыг дунджаар 8 сая төгрөгөөр засаж байна. Бид хотоос өгсөн мөнгөө иргэдэд буюу тэдний тохь тухтай амьдрах нөхцөлд нь зарцуулж байна. Гагцхүү тохижуулахад юу байх вэ гэдэг стандартыг бүрдүүлж мөрдүүлэх нь чухал юм.

Жишээ нь, нэг албан газар байлаа гэхэд нойлын өрөөтэй байх ёстой. Тэр нь зөвхөн ажилчдад биш иргэдэд үйлчилдэг, цоожгүй байх, үргэлж цэвэрлэж байх, мөн машины зогсоолтой байх хэрэгтэй. Албан байгууллагын хувьд налуу шаттай байх зэргээр иргэдийн, татвар төлөгчдийн мөнгөөр ажилладаг тул тэдэнд л үйлчлэх бүхий нөхцөлийг бүрдүүл гэж шаарддаг. Энэ байдал банканд их гардаг. 

Ингээд иргэд, албан байгууллагынхныг оролцуулаад хашаа, байшин, орцыг нь тохижуулсны дараа иргэд, “Бид чинь өмнө нь гэртээ хүн авчирахаас, орцоороо оруулахаас санаа зовдог байлаа. Одоо харин орц маань сайхан болоод, нүүр бардам байна “гэж баярласнаа хэлдэг гэв. Тэрээр мөн иргэдийн амар тайван, тав тухтай амьдрахад архи, дарсыг чөлөөтэй худалддаг явдлыг хязгаарлаж, согтууруулах байдлыг халах нь маш чухал юм гэдгийг хэлж байв.

Тус дүүрэг 30 мянган оршин суугчидтайгаас 49 хувь нь орон сууцанд, 51 хувь нь гэр хороололд амьдарч байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын шугамаар дүүрэгт өгдөг 6 тэрбум төгрөг нь ийм хүн амтай нэг дүүргийн дэд бүтэц, засвар, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн тохижолт, ногоон байгууламжийн ажилд бараг хүрдэггүй, гэхдээ хүргэж ажиллах нь гагцхүү удирдлага, иргэдийн ухамсар санал санаачилга хамтын ажиллагаанаас шалтгаална гэж тэрээр хэлж байв.




Б.Болд

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ