Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-12 17:50:39

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, бизнес эрхлэх, хөнгөлөлттэй зээлд хамрагдах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, аймгийн хэмжээнд төрийн албанд 139 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байгаа бөгөөд эдгээр албан хаагчид нь 50-80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоогдсон байна. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2016 онд 49 иргэнд 35.0 сая төгрөг, 2017 онд 14 иргэнд 48.0 сая төгрөг, 2018 онд 17 иргэнд 50.0 сая төгрөг, энэ онд 12 иргэнд 55.0 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийг тус тус олгож, байнгын асаргаанд асарч буй эцэг эх асран хамгаалагч болон хөгжлийн бэрхшээлтэй 25 иргэн ажлын байртай болсон байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны байдлаар нийт 4445 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 428 иргэн, сонсголын бэрхшээлтэй 382, одой 1 иргэн, хэл ярианы бэрхшээлтэй 168, хөдөлгөөний бэрхшээлтэй 478, сэтгэцийн эмгэгтэй 462 иргэн, оюуны эмгэгтэй 695, дотор эрхтний согогтой 589, тархины саажилттай 429, хавсарсан оноштой 289 иргэн, бусад эрхтний бэрхшээлтэй 524 иргэн байдаг байна. Үүнийг хүйсээр ангилбал 2057 нь эмэгтэй, 2388 эрэгтэй. Мөн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 1521 иргэн, олдмол хөгжлийн бэрхшээлтэй 2924 иргэн аж төрж байна. 

Холбоотой мэдээ