Д.Трампыг автомашинуудын татварыг дахин хойшлуулна хэмээн найдаж байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-11-13 11:34:10

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоо болон Японоос импортолсон автомашинууд болон авто сэлбэгт 25 хувийн нэмэлт татвар ногдуулах шийдвэрээ дахин хойшлуулна гэж автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд найдаж байна.


Өнгөрсөн тавдугаар сард Д.Трамп уг татварыг нэмэгдүүлэх шийдвэрээ 180 хоногоор хойшлуулж буйгаа мэдэгдээд, яриа хэлэлцээ өрнүүлэхийг АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерт үүрэг болгосон юм.


Reuters” агентлагт зарим автомашин үйлдвэрлэгчийн мэдээлснээр, Р.Лайтхайзерын ажлын алба АНУ-д оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээний талаар мэдээлэхийг гадаадын автомашин үйлдвэрлэгчдээс хүссэн ажээ. Цагаан ордон болон Р.Лайтхайзерын ажлын албанаас энэ талаар лавлахад хариу өгөөгүй байна.


Volkswagen” компани АНУ-ын Теннесси муж улсад 2022 оноос цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудаа үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн юм. Мөн “Daimler” компани Алабама муж улсад 600 гаруй ажлын байр бий болгох үйлдвэртээ 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ 2017 оны сүүлээр мэдэгджээ.


Ажиглагчдын үзэж буйгаар, Японы автомашинуудад ногдуулах татвар ЕХ-ны орнуудынхаас бага байх төлөвтай байгаа бөгөөд Японы автомашин үйлдвэрлэгчид олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байгаа юм.


Д.Трамп, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар өнгөрсөн есдүгээр сард Америкийн фермийн аж ахуйн бүтээгдэхүүнүүд, Японы авто сэлбэг болон бусад бүтээгдэхүүний татварыг бууруулах гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч уг баримт бичигт автомашинуудын худалдааны талаар тусгаагүй байжээ. Японы Ерөнхий сайд тухайн үед мэдэгдэхдээ, үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбогдуулан автомашинуудад татвар ногдуулахгүй байх баталгааг Д.Трампаас авсан гэжээ.


Америк-Японы хэлэлцээ ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ гэж Р.Лайтхайзер мэдэгдсэн байна. "BDI" Германы аж үйлдвэрийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Стефан Майер хэлэхдээ, татвар нэмэгдэж болзошгүй нөхцлийг бүрмөсөн арилгах тохиролцоо шаардлагатай байна гэжээ. 

Холбоотой мэдээ