Банкны салбарынхан “Дугуй ширээний ярилцлага” зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-14 10:52:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбараас “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хүрээнд орон нутгийн банкны салбарт үүссэн чанаргүй зээлийг бууруулахад банкны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, түүнийг эргэн төлүүлэх гарц, шийдлийг эрэлхийлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах “Дугуй ширээний ярилцлага” зохион байгууллаа.


Уулзалт, ярилцлагын үеэр Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А/32 тоот тушаалаар баталсан “Банкны чанаргүй активыг бууруулах удирдлага, тогтолцоо, тайлагнах үлгэрчилсэн журам”-ын хэрэгжилтийг орон нутагт хангуулах ажлын хүрээнд банкны салбаруудаас урьдчилан авсан чанаргүй активыг бууруулах ажлын нарийвчилсан төлөвлөгөө болон тоон үзүүлэлтээрх тайлан мэдээнд хяналт тавьж, судалгаа хийснийг танилцуулав. Мөн банкны салбаруудаас тодорхой хийсэн ажлууд, гарсан ахиц, тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцлээ. 

Түүнчлэн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газрын эрэн сурвалжлах тасгийн ахлах мэргэжилтнүүдтэй хэрхэн хамтран ажиллах, ямар асуудалд банкны зүгээс анхаарах талаар санал солилцсон, орон нутагт энэхүү ажиллагаанд ашиглаж буй туршлагаа хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо хэмээн Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбараас мэдээлэв.

Цаашид салбарын зүгээс энэ асуудлыг холбогдох байгууллагуудын хүрээнд хэлэлцэж ажиллахаас гадна иргэд, байгууллагуудад чанаргүй зээлийн эдийн засаг, нийгэмд учруулах хор уршгийн талаар таниулах, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийх зэрэг ажлыг шат дараалан хийхээр санал нэгдсэн аж.

Холбоотой мэдээ