Өсвөрийн шатарчдын тивийн тэмцээнээс монголчууд 54 медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь энэ сарын 5-15-нд Уоаанбаатар хотноо болж шилдгүүдээ тодруулав.
Манай улсад анх удаа амжилттай зохион байгуулсан уг тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос, Шри Ланк, Туркменстан, Арабын Нэгдсэн Эмират улс, Узбекстан, Вьетнам, Емен, Монгол зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчид Түргэн (Блиц), Түргэвчилсэн (Рапид), Сонгодог (Классик) гэсэн 3 төрлөөр оюун ухаанаа сорилоо.
Энэ удаагийн тэмцээнээс 3 багц нийт 126 медальтнууд төрснөөс Монгол Улсын өвсвөрийн шатарчид 54 медалийг хүртэж /16 алт, 18 мөнгө, 20 хүрэл/ тэргүүн байр эзэллээ. Энэтхэг улс /8 алт, 9 мөнгө 9 хүрэл/ нийт 26 медаль, Вьетнам улс /7 алт, 4 мөнгө, 6 хүрэл/ нийт 17 медаль хүртсэн амжилтаар хоёр, гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Харин Иран /5 алт, 2 мөнгө, 2 хүрэл/ нийт 9 медаль, Узбекстан /4 алт, 3 мөнгө, 2 хүрэл/ нийт 9 медаль, Казахстан /2 алт, 3 мөнгө/ нийт 5 медаль, Киргизстан /2 мөнгө, 1 хүрэл/ нийт 3 медаль, БНСУ 1 мөнгөн медаль, БНХАУ 2 хүрэл медаль тус тус хүртсэн амжилтаар IV-IX байрт шалгарсан байна.
Өсвөрийн шатарчдын АТАШТ-ийн үеэр зохион байгуулсан шатрын бодлого бодолтын тэмцээнд Арабын Нэгдсэн Эмират, БНХАУ, Казахстан, Киргизстан, Иран, Малайз, Монгол, Узбекстан, Шри Ланк, Энэтхэгийн 10-14 насны 87 бодогчид 6 даалгаврыг 90 минутын хугацаанд уралдан бодож Узбекстан /Я.Нодирбек/,Энэтхэг /Харшавардан/, Монгол /С.Чингүүн/ нар эхний 3 байр эзлэв.
Улаанбаатарын тэмцээнийг хамтран зохион байгуулсан ЭМСЯ, БСШУЯ, ГХЯ, МҮЭСТО, ивээн тэтгэсэн АПУ ХК, дэмжигч байгууллагууд болох НЗЦ, БГД-ийн хэв журмын цагдаа, Барилгын Политехник Коллеж, RAMADA, Наран, GRAND HILL, Наранбулаг зочид буудлын хамт олонд Монголын шатрын холбооноос тэмцээний хаалтын ёслолын үеэр талархал илэрхийлэв.
Д.Өлзий