Хонконгийн сургуулиуд өнөөдөр хичээллэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-14 09:22:07

ТОКИО. /Kyodo/. Хонконгийн цагдаагийн ажилтнууд болон жагсагчдын дунд үүссэн мөргөлдөөн үргэлжилж буйн улмаас сургуулиудын үйл ажиллагааг пүрэв гарагт түр зогсоохоор болжээ.


Засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчид замын хөдөлгөөнийг хязгаарлах талаарх нийгмийн сүлжээн дэх уриалгыг биелүүлж, даваа гарагаас хойш автобус, метроны үйлчилгээг тасалдуулжээ. Хонконгийн Засгийн газар сурагчдын аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс цэцэрлэгээс өгсүүлээд ахлах сургуулийн үйл ажиллагааг пүрэв гарагт түр зогсоох шийдвэрийг гаргасан байна.


Мөн Хонконгийн Хятадын их сургууль зэрэг зарим их сургуульд мягмар гарагт олон мөргөлдөөн үүссэнтэй холбогдуулан өвлийн амралт хүртэлх бүх хичээлийг цуцалсан байна. Энэ улирлын өвлийн амралт хоёр долоо хоног гаруйн дараа эхлэх ажээ.


Түүнчлэн дээрх их сургуулийн эх газрын Хятад болон Тайванийн сурагчид аюулгүй байдлаа хамгаалах үүднээс Хонконгийг орхиж эхэлсэн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Жагсагчид зам тээврийн хөдөлгөөнийг пүрэв гарагт мөн тасалдуулахыг уриалжээ. 

Холбоотой мэдээ