В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-14 11:32:25

БРАЗИЛИА. /TASS/. Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ-ын /БРИКС/ удирдагчид Бразилын нийслэл хотноо дэлхийн улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг, мөн таван орны хамтын ажиллагааг хэлэлцэж байна. 


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт болсон БРИКС-ийн бизнес форумын үеэр үг хэлэхдээ протекционизм буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлого болон шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байгааг онцлон тэмдэглэжээ.


“БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулж байна гэж тус бүлгийн орнуудын удирдагчид үнэхээр зөв үг хэллээ. Шударга бус өрсөлдөөний арга нь дэлхийн худалдаанд улам бүр нэмэгдэж, дангаар авч буй хориг арга хэмжээ, түүний дотор улс төрийн зорилготой протекционизм цэцэглэн хөгжиж байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, ийм нөхцөлд БРИКС-ийн орнууд эдийн засгаа хөгжүүлэх, нийгмийн байдал доройтож, амьжиргааны түвшин доошлохоос урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ сайн сайхны төлөө нухацтай хүчин чармайлт гаргах шаардлагатай. 


В.Путин эрчим хүчний салбарыг БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж нэрлээд, Орос улс энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэж цохон тэмдэглэжээ.


ОХУ-ын эдийн засгийг уналтад орохоос сэргийлж чадсан

Үүний сацуу тэрбээр ОХУ-ын эрх баригчид улс орныхоо эдийн засгийг уналтад орохоос сэргийлж чадсан боловч ДНБ-ий өсөлтийн одоогийн хурдац хангалтгүй байна гэж мэдэгджээ.


“Орос улсад бид макро эдийн засгийг тэнцвэржүүлэх бодлогыг олон жилийн турш баримталж ирлээ. Үүний зэрэгцээ төрийн санхүүд хариуцлагатай хандан, банкны болон зээлийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж байна. Түүнчлэн эдийн засгийн гол салбаруудыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хичээж байна. Үүний ачаар бид улс орны эдийн засгийг уналтад орохоос сэргийлж чадсан” гэж В.Путин мэдэгджээ. “Мэдээж хэрэг, ДНБ-ий өсөлтийн өнөөгийн хурдцыг хангалттай гэж бид бодохгүй байгаа. Тиймээс бид шинээр хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


ОХУ-ын Улсын статистикийн албаны урьдчилсан дүгнэлтээр, 2019 оны гуравдугаар улиралд тус улсын эдийн засаг жилийн дундаж үзүүлэлтээс 1.7 хувиар өссөн бол 9 сарын хугацаанд өсөлтийн хурдац 1.1 хувьтай гарчээ. Энэ нь  Эдийн засгийн хөгжлийн яамны таамгаас доогуур үзүүлэлт ажээ. Тус яам гуравдугаар улиралд Оросын ДНБ-ий өсөлтийн хурдац 1.9 хувьд хүрнэ гэж мэдэгдэж байв.


Холбоотой мэдээ