“Өнөөдрийн боловсрол-Маргаашийн багш” эрдэм шинжилгээний хурал болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-14 15:18:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулиас санаачлан “Өнөөдрийн боловсрол-маргаашийн багш” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус хурлаар дээд боловсролын салбарын хэрэгцээ, шаардлага, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцдэг аж.

Эрдэм шинжилгээний хурлыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Их, дээд мэргэжлийн сургуулиудын консорциум хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд мэргэжлийн сургуулиудын дунд зохион байгуулдаг уламжлалтай. 

Их, дээд мэргэжлийн сургуулиудад тулгамдсан асуудал байдаг хэдий ч төдийлэн нийгэмд ил болгодоггүй сургууль бүр дотроо шийдэх гарц гаргалгааг хайдаг, оюутан залуусыг сурлагын ахиц гаргахад сургууль бүр юунд анхаарах уу, технологийн дэвшлийг дагаж тэдэнд таатай орчин бүрдүүлж өгөх үүрэг гээд олон асуудал байдаг. Харин нийтээрээ хэрхэн хамтарч ажиллах уу, аймаг орон нутагтаа массыг хамарсан ямар сургалт, арга технологийг нэвтрүүлэх үү гэдэгт судалгаанд суурилсан илтгэлүүдийг тус хурлаар тавьж хэлэлцүүлдэг аж.

Энэ жилийн хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, ШУТИС-ийн Дархан технологийн сургууль, Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Эрдэнэт их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн төлөөлөл оролцож байгаа юм.

Ташрамд, Дархан–Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд их, дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эрдэмтэн багш нарын бүтээл, туурвилыг орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжилд бодитойгоор хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж аймгийн Засаг даргын дэргэд эрдэмтэн, докторуудаас бүрдсэн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулан ажилласнаар орон нутгийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын гаргасан нийгэм, эдийн засгийн суурь судалгааг аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад тусган ажилладаг байна.

Холбоотой мэдээ