“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-11-15 13:38:49

БЭЭЖИН. /Sputnik/. АНУ-ын компаниудтай тусгай зөвшөөрөлгүйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хар жагсаалтад орсныг үл харгалзан БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн бизнесийн үйл ажиллагаа өргөжсөн хэвээр байна.


Huawei” компанийн энэ оны гуравдугаар улирлын орлогыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 24.4 хувиар нэмэгдэж, гар утасны борлуулалтын хэмжээ ч мөн өсжээ.


Huawei” компанийн Ухаалаг гар утас хариуцсан салбарын тэргүүн Кевин Хогийн мэдэгдсэнээр, “Harmony” үйлдлийн системийг нэвтрүүлэхэд шаардлагатай технологи бэлэн болсон боловч зарим хавсралт дутагдалтай байгаа аж. “Huawei” компанийн мэргэжилтнүүд үйлдлийн системдээ бүрэн тохирсон хавсралтуудыг бүтээхийн тулд программ хангамж хөгжүүлэгчидтэй хамтран ажиллаж байна гэж тэрбээр хэлсэн байна.


Энэ оны наймдугаар сард анх олон нийтэд танилцуулсан “Harmony” үйлдлийн систем нь АНУ-ын худалдааны хар жагсаалтад орохоосоо өмнө “Huawei” компанийн ашиглаж байсан “Google” компанийн “Android” үйлдлийн системийг орлох юм.


Huawei” компанийн дэд тэргүүн Винсент Пан “Вusiness Insider” цахим хуудсанд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, “Harmony” үйлдлийн системийг гар утаснууддаа 7-9 сарын дараа ашиглаж эхэлнэ гэжээ. 

Холбоотой мэдээ