“Иргэдээ сонсъё” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-18 11:10:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОЭТ-өөс “Иргэдээ сонсъё” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв, Арвайхээр сумын ИТХ-ын дарга Н.Амартүвшин, БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун болон бусад албаны хүмүүс оролцож, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсан юм.

Иргэдийн зүгээс амбулаторийн хүлээгдэл их байдаг, өрхийн эмч нар цаг баримталдаггүй, эмч нарын харилцаа, хандлага муу, ихэнх эмч нар хувийн эмнэлэгтэй, түүгээрээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эм тариа шахдаг гэсэн шүүмжлэлийг хэлж байв. Мөн алдаа гаргасан эмч нарт хариуцлага тооцож, хариу мэдээлдэг байх, Орон нутагт хийх боломжтой бүх нарийн шинжилгээнүүдийг нэвтрүүлэх гэхчлэн олон саналыг хэллээ.

Аймгийн БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун хэлэхдээ “Аливаа үйлчилгээний байгууллага нь хэрэглэгчийнхээ санал, хүсэлтийг сонсож, тэдний эрэлт хэрэгцээнд үндэслэн бодлого, зорилтоо тодорхойлж ажилласнаар цаашид хөгжих боломж нээгддэг. Бид ирэх онд таван жилийн стратеги төлөвлөгөө, чанарын бодлогын хөтөлбөрөө батлах юм. Үүний өмнө иргэдээ сонсож, санал сэтгэгдлийг нь авч байна” хэмээв. Цаашид ч иргэдээ сонсох хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, БОЭТ-д шинээр нэвтрүүлж байгаа эмчилгээ, технологийн талаар тухай бүрт мэдээлж байна гэсэн юм.  

Хэлэлцүүлгийн үеэр нүд, гэмтэл, уламжлалын эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өглөө. Мөн эрүүл мэндийн хоолны үзэсгэлэн гаргаж, эрүүл хооллолт, эмийн зохистой хэрэглээний талаар заваар зөвлөгөө өгөв.

Холбоотой мэдээ