"Атар 60" гэрэл зургийн үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-18 19:56:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт  өнөөдөр Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Монголын тариаланчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Энхбаяр болон газар тариалангийн салбарын ахмадууд, тариалан эрхлэгч компани, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцон, атар газрын 60 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийг сонирхож, дурсамж хуваалцлаа. 

Үзэсгэлэнд 1900 он хүртэл буюу Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн үе, 1900-1945 он буюу Монголын газар тариалангийн эхэн үе, 1959-1975 он буюу Атрын нэгдүгээр аян, газар тариалан хөгжсөн үе, 1976-1990 он буюу Атрын хоёрдугаар аян, газар тариалангийн хөгжил, эрчимжилт, 2008 оноос Атрын гуравдугаар аян ба газар тариаланийн сэргэлт гэсэн үечлэлээр харуулснаараа онцлогтой. Мөн монголчуудын эртний газар тариалан эрхэлж байсныг харуулсан уран  зургийг дэлгэж, Чингисийн үеэс эхлэн 1911 он хүртэл газар эзэмшиж байсан түүхэн тайлбарыг бичсэн байв. Эндээс 1212 онд Чингис хааны зарлиг бууж, Алтайн Абухай уулын ард /одоогийн Завхан голын хөндий/ цэргийн хүнсний зориулалтаар тарианы аж ахуй байгуулж энэ ажлыг шадар түшмэл Чингай  чинсанд даалгасныг, 1337 онд Тогоон төмөр хааны зарлигаар Монгол нутаг зөвхөн малын бэлчээрт зориулагдах болсныг, 1420 онд Монгол ар, өвөргүй болон Зүүн гар гэсэн гурван хэсэгт хуваагдаж, өөр өөрсдийн нутаг оронд тариа ногооны үйл эрхлэх оролдлого гарч эхэлснийг үзэж болно. Мөн 1580 онд Автай сайн хааны үед монгол, хятад иргэд холилдон нутаглаж байсан Хэрлэн голын орчмоор олс, буудай тарьж байсан түүхийг ч бичжээ. 1680-аад онд Ойрадын Галдан бошигт хаан Ховд, Орхоны орчмоор усалгаатай тариалан хөгжүүлж байсан, Халхын Өндөр гэгээн Занабазар хаан тусгай тариачдыг бэлтгэн Бороо гол, Борнуур, Ийвэн, Бургалтайн нутагт сүм хийдийн хэрэгцээний тариа тариулж байсныг ч дурдсан байна. 1709 онд "Халх журам" хуулинд тариалангийн талбайд мал орж сүйтгэхийг хориглож, хүн амд тариалан заавал эрхлэхийг даалгаж байжээ. 1850 оны үед Буйр нуур орчмоор нутаглаж байсан Тогтохтөр ван /То ван/ өөрийн хошуунд амуу тариа тарих болж, хошууныхаа хэрэгцээг хангаад зогсохгүй зэргэлдээ хошуундаа худалддаг байсныг болон 1911 онд Богд хааны засгийн газраас тариаланг хөгжүүлэх, тариаланд ашиглаж болох газрыг аймаг, хошуу бүрт бүртгэж байсныг ч үзэж болно.


1959 оноос эхэлсэн Атрын анхны аяны гэрэл зургууд гол байрыг эзэлж тэр үеийнхний авдаг цалинг бодож байсан сампин, мөнгөн дэвсгэртүүд, чемодан, пянз тоглуулагч, радио  зэргийг тавьжээ.


Атарт ирсэн залуусын ор, ширээ, данх, сав суулга, хөвөн хүрэм бүхий өрөө ч 1959 онд үзэгчдийг хүргэнэ. Оросын мэргэжилтэн механикжуулагчдыг дагалдан атар газар хагалж, тариа тарьж, будаагаа хурааж байгаа атарчин залуусын  түүхийг гэрэл зураг бүхэн тод өгүүлнэ.


Ийнхүү он оноор нь атар газар эзэмшиж, газар тариалангийн үйлдвэрлэл хөгжсөн түүхийг өнөөдөр хүртэл дэлгэн харуулсан нь  "АТАР-60" түүхийн амьд хуудас болжээ.  Үзэсгэлэнг эрхлэн гаргагч нар "Энэ үзэсгэлэнгээр Атрын 60 жилийн ой эхэлж байна. Энэ долоо хоног атарчдын баяр болно" гэж бахдангуй өгүүлж байв. 

Үзэсгэлэн энэ сарын 22 хүртэл гарна.








Холбоотой мэдээ