Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээгүй иргэд гомдол гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-18 23:48:43

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт 347 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлж ерөнхий мэдлэгээ шалгууллаа. 

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу тухайн албан тушаалын /тусгай/ шалгалтаар нөхөх ажээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн албаны Ерөнхий шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагт орон даяар нэгэн зэрэг зохион байгууллаа. Ерөнхий мэдлэгийн шалгалт нь төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүй, Монгол Улсын түүх соёл, нийгэм, эдийн засаг, мэдээллийн технологийн тухай асуултуудаас бүрдэх бөгөөд 35 ба түүнээс дээш оноо авсан иргэд 11 дүгээр сарын 19-ний өдөр монгол хэл, бичгийн чадварын шалгалт өгнө. Тус шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан иргэд 11 дүгээр сарын 21-ний өдөр дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэхүйн чадамжийн шалгалтыг тус тус өгч нийт 65 ба түүнээс дээш оноо авсан иргэд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэнэ.

Ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн иргэн төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилогдох боломжгүй юм. Завхан аймагт харьцангуй олон иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлж, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь Салбар зөвлөл шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлыг маш сайн хангасан байна. Бүртгүүлсэн хүн нэг бүртэй холбогдож мэдээлэл өгснөөс гадна шалгалтын үйл ажиллагааг ард иргэд дэлгэцээр хянах боломжийг бүрдүүлсэн нь сайшаалтай. Бид 11 сарын 15-ны 15:00 цагт шалгалт өгөх иргэдэд ерөнхий шалгалтын талаарх мэдээлэл, зааварчилгааг өгч ажилласан. Одоогоор шалгалтын үйл ажиллагаа хэвийн явж байна хэмээн Завхан аймагт Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээчээр ажиллаж буй А.Цэцэгмаа мэдээлэв. Ташрамд Төрийн албаны зөвлөлөөс 21 аймагт шинжээчид ажиллуулж байгаа юм байна.


Төрийн албаны ерөнхий шалгалтад 43 иргэн тэнцжээ

Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албаны ерөнхий шалгалтыг өнөөдөр анх удаа улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Энэхүү шалгалт нь төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой юм. Улсын хэмжээнд 8996 иргэн энэхүү шалгалтад орж байгаа аж. Завхан аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 346 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Тиймээс шалгалтыг таван ээлжээр, нэг ээлжид 70 оролцогч хамрагдахаар зохион байгуулсан. Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн 346 иргэнээс Ерөнхий мэдлэгийн шалгалтад 302 иргэн орж, 43 иргэн тэнцэж, 259 иргэн тэнцээгүй байна. Мөн  шалгалт зохион байгуулсан хоёр танхимыг камержуулж, шалгалтын үйл явцыг сонирхсон иргэд нээлттэй харах боломжийг бүрдүүлсэн байгаа.  Энэ үеэр Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч А.Цэцэгмаа томилогдон салбар комисстой хамтран ажиллаж, шалгалтын үйл явцад хяналт тавин, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд болон салбар комиссын зүгээс шалгалтад орох иргэдийн “Баталгаажуулалтын хуудас” болон иргэний үнэмлэхийг шалгаж, 30 минутын өмнө суудлыг нь эзлүүлэн цахим шалгалтын талаарх заавар зөвлөмжийг өгч,  шалгалтыг цаг хугацаанд нь зохион байгуулж  ажилласан байгаа хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

 Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээгүй

иргэд гомдол ирүүлжээ

Завхан аймагт төрийн албаны ерөнхий шалгалтад 302 иргэн орж 43 иргэн тэнцжээ.

Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн иргэд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт  Монгол хэл бичгийн чадварын шалгалтад орох юм. Тус шалгалтад тэнцсэн иргэд 11 дүгээр сарын 21-ний өдөр Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад орно. Түүнчлэн Ерөнхий мэдлэгийн шалгалттай холбоотой 16 иргэнээс өргөдөл гомдол, санал ирсэнтэй холбогдуулан Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдааныг Төрийн албаны зөвлөлийн ахлах шинжээч А.Цэцэгмаа болон салбар комиссын гишүүдийг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11:00 цагт зохион байгууллаа. Энэ хуралдаанаар төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалт зохион байгуулсан тухай танилцуулга, ерөнхий мэдлэгийн шалгалттай холбоотой 16 иргэний санал хүсэлт, гомдлыг хэлэлцэх, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн тухай тус тус хэлэлцлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг үндэслэн хамтын шийдвэрийг гаргасан байгаа.

Тухайлбал төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалттай холбоотой 16 иргэн санал хүсэлт, гомдол ирүүлснийг агуулгаар нь ангилж, шалгалтын журамд заасны дагуу дөрвөн иргэний өргөдөл, саналыг Төрийн албаны зөвлөлд шилжүүлээд байгаа. Харин 12 иргэний өргөдлийг шалгаж хариу өгөх, олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн зарим асуудлыг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж, нэг иргэний өргөдөлд  дурдагдсан асуудлыг нягтлах зорилгоор шалгалтын үйл явцыг багтаасан камерын бичлэгтэй салбар комиссын гишүүд танилцаад байгаа хэмээн Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл, Шалгалт зохион байгуулах салбар комиссоос тус тус мэдээлжээ. 

Холбоотой мэдээ