Дюплантис, Маклафлин-Леврон нар оны шилдэг тамирчдаар тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-12-01 10:40:06

МОНАКО, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /BBC/. Шведийн тамирчин Арман Дюплантис, Америкийн тамирчин Сидни Маклафлин-Леврон нар Монакод болсон Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны /World Athletics/ шагнал гардуулах ёслолын үеэр дэлхийн шилдэг хөнгөн атлетикчдаар шалгарлаа. 


А.Дюплантис 2025 онд тулгууртай харайлтын дэлхийн дөрвөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд хамгийн сүүлд есдүгээр сард Токиод болсон ДАШТ-ий үеэр 6.30 м-ийн өндөр дээгүүр харайсан анхны хүн болсон юм. Өдгөө 26 настай тэрбээр энэ онд 16 тэмцээнд түрүүлж, битүү болон задгай цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээнүүдийн аль алинд нь дэлхийн аварга цолыг хүртсэнээс гадна “Даймонд лиг”-т тав дахь удаагаа дараалан түрүүлжээ.


Харин С.Маклафлин-Левроны хувьд, 2025 онд 400 м-ийн гүйлт болон 400 м-ийн саадтай гүйлтийн тэмцээнүүдэд аваргалсан байна. Токиод 400 м-ийн гүйлтийн дэлхийн аварга болсон тэрбээр 42 жилийн хугацаанд хөндөгдөөгүй байсан ДАШТ-ий дээд амжилтыг эвдэж, түүхэнд хоёрт бичигдэх амжилтыг үзүүлжээ.


“Миний хувьд 2025 он бол өөрийн тухтай бүсээсээ гарч, оюун санаа, бие бялдрын хувьд боломжтой зүйлсийнхээ хязгаарыг давсан жил байлаа. 2026 онд хил хязгааруудыг дахин давахыг хүсэж байна” гэж 26 настай С.Маклафлин-Леврон хэллээ.


Харин А.Дюплантис хэлэхдээ “хөнгөн атлетикч хүний хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж буй нь миний хувьд үнэхээр чухал үйл явдал юм. Энэ бол маш онцгой шагнал бөгөөд үүнийг би нандигнан хадгалах болно. Би өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь байхыг чин сэтгэлээсээ хичээдэг. Өөрийн хийж байгаа зүйлээ асар их хүсэл тэмүүлэл, баяр баясгалантайгаар гүйцэтгэдэг” гэв.


А.Дюплантис мөн оны шилдэг эрэгтэй хөнгөн атлетикчаар, С.Маклафлин-Леврон оны шилдэг эмэгтэй гүйлтийн тамирчнаар тус тус тодорчээ. Харин өндрийн харайлтын төрөлд битүү болон задгай цэнгэлдэх хүрээлэнгийн дэлхийн аварга цолыг хүртсэн Австралийн Никола Олислагерс оны шилдэг эмэгтэй хөнгөн атлетикчаар шалгарсан бол Кенийн тамирчин, 800 м-ийн гүйлтийн дэлхийн аварга Эммануэл Ваньоньи оны шилдэг эрэгтэй гүйлтийн тамирчнаар тодорчээ.

 


Холбоотой мэдээ