Атрын анхны суурь тавьсан газарт дурсгалын хөшөө босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-18 21:53:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ѳндѳр улиасны ѳвѳр хэмээх Зэлтэрийн сангийн аж ахуйн суурь тавьж байсан газарт атарчдад зориулсан дурсгалын хөшөө босголоо.

Уг хөшөөн дээр “Өндөр улиасны өвөр. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1959 оны 04-р сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолоор Сүхбаатар хотын залуучуудын нэрэмжит, атрын анхны Зэлтэрийн сангийн аж ахуйн сууриа тавьсан газарт хөшөө босголоо” хэмээн бичсэн байна.

Хөшөөг Сэлэнгэ аймгийн НАМЗХ, Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо, Түшиг сумын МАН-ын хороо, "Шар нарст" ХХК-ууд хамтран бүтээн босгожээ. МАХН-ын Төв хорооны 1959 оны 3 дугаар бүгд хурлаас газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, атар газар эзэмших зорилт дэвшүүлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 4-р сарын 22-ны өдрийн 156-р тогтоолоор Зэлтэрийн Сангийн аж ахуйг байгуулсан ажээ. Энд тухайн үед таваарын үр тариа үйлдвэрлэлийн чиглэлээр атар газар эзэмших зорилгын дор МАХН-ын уриалга, МХЗЭ-ийн илгээлт өвөртөлсөн 60 гаруй залуучууд ирж тулгын чулууг тулалцан галыг нь бадрааж байжээ. Анх 35 трактор, 7 машин, 2 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгөөр байгуулсан аж. Ийнхүү атрын анхны Зэлтэрийн сангийн аж ахуй байгуулахад “Гэрэлт зам” нэгдэл татан буугдаж, нэгдлийн гишүүн 160 гаруй айл өрх, 30 мянган толгой малтайгаа сангийн аж ахуйд нэгдсэн гэнэ. Атар газар эзэмших анхны аянд улсын аварга Ш.Батсуурь анхны жолоочоор, урт гарт хэмээх Завханы Лхагва арслан барилгын даамлаар, улсын заан С.Гүржав Үйлдвэрчний Эвлэлийн хорооны даргаар, улсын начин Г.Санжаасүрэн ХАА-н ерөнхий механикаар, аймгийн арслан Авирмэд, аймгийн заан Банди нар мал аж ахуйн мэргэжилтнээр, аймгийн арслан Одонгарав, циркийн жүжигчин Бадарч, Юра, агаарын гимнастикч Б.Боря, С.Огноо, Хишигт, хөгжимчин Довчин, дуучин Б.Эвшин, хөгжмийн багш Дорж нар илгээлт өвөртлөн энэ нутагт ирж ажиллаж байсан түүхтэй юм.

Сангийн аж ахуй байгуулах үеийн хөдөлмөрийн гарааны жилүүдэд ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж тусалж байсан бөгөөд Зэлтэрийн сангийн аж ахуйн анхны шанг одоогийн Түшиг сумын төвийн зүүн зүгт Барчин хэмээх уулын ард татаж, тэр жилээ 1000 гаруй га газар хагалж байжээ.

Холбоотой мэдээ