Францад тоглох уран бүтээлчдийн бэлтгэл сургуультай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-11-19 09:30:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.

Тэрбээр айлчлалын хүрээнд Францын Феникс циркийн тайзнаа "Нүүдэлчин" тоглолтоо хийх гэж буй Монголын орчин үеийн цирк болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн бэлтгэл сургуультай танилцлаа.

Тус тоглолтыг “Angels” орчин үеийн циркийн захирал, продюсер Б.Оргилболд санаачлан Феникс циркийн уран бүтээлчидтэй хамтран энэ сарын 23-наас зохион байгуулах юм.

Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс "Нүүдэлчин" тоглолт нь Баруун Европт хийж байгаа Монголын циркийн хоёр дахь удаагийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм. Нийт 40 гаруй уран бүтээлч оролцох тоглолтод орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хослуулан Монголын түүх, урлаг соёл тэр дундаа нүүдэлчин ард түмний амьдралыг харуулах аж. 

Энэхүү тоглолтын талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ