Б.Оргилболд: "Номад" тоглолтын тасалбар 250 мянган ширхэг зарагдсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2019-11-11 11:25:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран бүтээлчид Францын “Cirque Phenix”-ийн тайзнаа энэ сарын 23-наас эхлэн гурван сар тоглоно. Монголын циркийн шилдэг үзүүлбэрүүдийг Үндэсний урлагийн их театрын бүжигчид, дуучин, хөгжимчдийн тоглолтоор баяжуулсан тус бүрэн хэмжээний тоглолтын талаар “Angels” орчин үеийн циркийн захирал, найруулагч, МУСТА  Б.Оргилболдоос тодрууллаа. 


-Монголын уран бүтээлчдийн хамтран дэлхийд алдартай том циркт тоглох гэж буй нь сонирхол татаж байна. Бэлтгэлээ хэр базаав?

-“Cirque Phenix”-ийн 20 жилийн ойгоор "Номад" хэмээх Монголын соёл урлагийн бүтэн хөтөлбөр тоглох гэж байна.  Нүүдэлчин ард түмний соёл уламжлал, эд хогшлыг тайзны урлагт хэрхэн оруулах вэ гэж олон жил бодож судалсны үндсэн дээр энэхүү хөтөлбөрөө бүтээсэн. Монголын циркийн шилдэг үзүүлбэрүүд болон Үндэсний урлагийн их театрын бүжигчин, дуучин, хөгжимчин гээд нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тоглох юм. Бид амьд шоу тоглолт, Монголын орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон цоо шинэ бүрэн хэмжээний тоглолтыг дэлхийн тайзнаа анх удаа толилуулахаар багаа бүрдүүлж шинэ хувцас, ая, хөгжим найруулгын бэлтгэлээ хангаад байна.


-Энэ цирктэй хамтран ажиллах гэрээг хэрхэн байгуулав?

-Гэрээг маш олон жилийн хөдөлмөрийн үр дүнд байгуулсан. Би Франц улсад Олон улсын орчин үеийн циркийн урлагийн төв их сургуулийг найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн жил Францын Соёлын яамны урилгаар дэлхийн 230 гаруй орноос “амьд тоглолт” хөтөлбөрөөр уран бүтээлчдийг шалгаруулсан юм. Түүнд Францын ЭСЯ-наас миний анкетыг явуулсан. Тэгэхэд 23 орны уран бүтээлч шалгарахад би дунд нь багтсан. Тэр үед “Cirque Phenix”-ийн хүмүүстэй уулзаж танилцсан. Миний хувьд, Францын урлагийн сургуулийг төгсөөд том том цирк, продюсерын саналыг бүгдийг нь орхисон. Монголдоо ирээд юу сурснаа үзүүлэх, тэнд сурсан орчин үеийн урлагийн боловсролыг, ялангуяа залуу уран бүтээлчдэд таниулах, шинэлэг зүйл хийх, циркийн урлагийг тайзны урлаг руу оруулж театр, бүжиг, хөгжимтэй хослуулахаар зорьж байна. Тэгээд “Cirque Phenix”-ийн захиралд, “Таны циркт тоглохыг мөрөөдөж байна. Надад маш сайн санаа, сайн жүжигчид байна. Бид гурван саяулаа ч гэсэн дэлхийн том том тэмцээнээс акробат, уран нугаралтын төрлөөр шилдэг шагналыг нь хүртдэг. Үүндээ тулгуурлаж юм хийе" гэхэд “Сайхан санаа ч харамсалтай нь энэ жил Хятадын “Сармагчны хаан” гэдэг сэдвээр бүтэн хөтөлбөр тоглосон. Тиймд адилхан л Ази соёл, хөгжим, хувцас гээд үзэгчид сонирхохгүй” гэсэн. Тэгэхээр нь “Бид Хятадаас өөр ард түмэн. Бидний дуу хөгжим, хувцас, соёл тэр дундаа нүүдэлчин ард түмний соёл уламжлалтай. Өмнө нь монгол гэрийг тайзан дээр даавуугаар босгодог байсан бол өнгөрсөн жил би гурван ханатай монгол гэрийн униар жонглёрдож, монгол гэрийг 3-4 минутад барьж буулгадаг найруулгад оруулсан. Ээж маань /МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэг/ уран нугаралтын охид нум сумтай хөлөөрөө харвах үзүүлбэр гаргасан. Иймэрхүү сонин санаа надад олон байна, үүндээ тулгуурлавал ямар вэ” гэхэд “Болж байна, бүх бичлэг, линкээ явуул. Боломжтой бол эргээд холбогдоно” гэсэн. Энэ гэрээг байгуулахын тулд бид 5 удаа Парис явсан. 


-Жүжигчин, уран бүтээлчдээ хэрхэн сонгон шалгаруулсан бол?

-Надад 100 хувь итгэсэн. Тиймээс жүжигчдийн сонголтыг маш сайн хийсэн. Хаан банкны дэргэдэх “Angels” орчин үеийн циркийн 20 гаруй жүжигчин, “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч “Pole dancer” Ч.Цэнгүүн, “Хадгаа цирк”-ийн  үзүүлбэр, уран нугараачид, акробатын залуус гэхчлэн уран бүтээлчид оролцож байгаа. Урьд хожид хийж байгаагүй үзүүлбэр харуулахыг хичээж байна.

-Тоглолтын хөтөлбөрт үндэсний соёл урлагаа сурталчлах  ямар ямар үзүүлбэр багтаж байгаа вэ?

-Орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон цоо шинэ тоглолтод Монголын түүх, урлаг соёл тэр дундаа нүүдэлчин ард түмний амьдралыг харуулна. Тухайлбал, Өмнө нь хийж байгаагүй найруулгаар буюу 5 ханатай гэрийг 4 минутад барих, нүүдлийн амьдралд ашигладаг саалийн хувин, сав суулга, араг савар, тогоо шанага, шүүрээр жонглёрдох зэрэг үзүүлбэр бэлдсэн. Мөн Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид, С.Сүхбаатар, А.Даваахүүгийн дэглэлт “Салхит шувуу, “Жороон жороо” зэрэг бүжгийг ҮУИТ-ын шилдэг бүжигчид толилуулна. Энэхүү тоглолтоороо Монголын соёл урлаг, тэр дундаа Монголын орчин үеийн циркийн нэр хүнд, Монголд ирэх жуулчдын тоог өсгөхөд нөлөөлөхийг хүсэж байгаа. Бид зөв цаг үедээ очиж тоглох гэж байгаа юм байна. Франц улсад Монгол моодонд орж байна гэнэ. Франц залуус монгол гэрт хонож үзэхийг, Монголд ирэхийг мөрөөдөж байна. Монголын тухай баримтат кино их гардаг гэнэ. Монгол руу аялж чадахгүй олон франц хүн байгаа. Тэдэнд нүүдэлчин амьдралын өв соёлыг дэргэдээс нь үзэх боломж олдож байгаа юм.

 


 -Тоглолтын санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Энэ жил бид улсын цирк байхад хөдлөөгүйгээр том хөдөллөө. Амьд юм шиг харагддаг, сарлаг, тэмээ, үхэр гэх мэт амьтны чихмэлүүд бүхий 10 хайрцаг ачааг Гуаньжугаас захиалж авчирлаа.  Зарим чихмэл нь 2 метр урттай. Энэ мэт эд хогшил, циркийн үзүүлбэрийн материалуудыг онгоцоор авч явах боломжгүй байдаг. Харин энэ бүгдийг “Cirque Phenix” мөнгийг нь төлөөд хоёр сарын өмнөөс газраар татсан. Мөн замын зардал, байр хоол, амь даатгал, бүх тав тухыг хангасан, жүжигчин хүнд шаардлагатай дэлхийн хэмжээний хангамжийг бидэнд үзүүлэхээр болсон. Мөн Монголын мастер тогоочдын холбооны тогооч гурван сарын хугацаанд бидэнд үйлчилнэ.

-Гэрээ цаашид үргэлжлэх үү?

-Гэрээ цаашид урт хугацаанд үргэлжлэх үү, дэлхийн зах зээлд олон орныг тойрон тоглох уу гэдэг биднээс шалтгаална. Дэлхийн том том найруулагч, продюсеруудад тоглолтоо үзүүлэхийг зорино. Өнгөрсөн долоодугаар сард манай тоглолтын тасалбар 250 мянган ширхэг зарагдсан гэнэ. Энэ бол маш том амжилт юм.


-Гурван сарын хугацаанд зөвхөн  “Cirque Phenix”-ийн тайзнаа тоглох уу?

-Парист хоёр сарын хугацаанд 6000 хүний суудалтай орчин үеийн майхан циркт суурин тоглоно. Үлдсэн нэг сард нь аялан тоглоно. Францын 10-аад хот, мөн Швейцарт тоглоно.

-Тоглолтыг Монголын талаас ямар байгууллага дэмжин ажиллаж байгаа вэ?

-БСШУСЯ-наас бодлогоор дэмжиж байна. Энэхүү том гэрээний ачаар, циркийн урлагийн нэр төрийг Монголд сэргээх, циркчин хүнийг үнэлж, урлаг соёлынхондоо анхаардаг болгохыг би хүсэж байгаа. Дэлхийд Монголыг циркчид бас сайн сурталчилж байна шүү дээ.

Холбоотой мэдээ