УСУГ-ыг "Алтан гадас" одонгоор шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-11-19 18:46:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар 60 жилийн ойгоо өнөөдөр ёслон тэмдэглэж байна.

Улаанбаатар хотод ус сувгийн төвлөрсөн системийн барилга байгууламжийг 1956 оноос  барьж эхний хэсгийг 1959 онд ашиглалтад оруулснаар Сайд нарын зөвлөлийн 196 дугаар тогтоолоор Ус сувгийн ашиглалтыг эрхлэх газрыг байгуулжээ. 1959 оны 11 дүгээр сарын 19-ний энэ өдөр Туул голын ай саваас газрын гүний усыг цахилгаан хөдөлгүүрт насосоор олборлон, дамжуулан шахаж, төвлөрсөн системээр нийслэлийнхэнд анх удаа цэвэр цэнгэг усны дээжийг түгээж эхэлсэн түүхээр энэ өдрийг тэмдэглэх болсон байна..

Нийслэлийн УСУГ-ын дарга Ц.Төрхүү баярын хурлыг нээхдээ “Манай хамт олон Улаанбаатар хотын ус хангамж ариутгах татуургын систем, тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчлэн сайжруулах, мэдээллийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, орон сууцанд оршин суугч нэг хүнд ногдох усыг зохистой хэмжээнд хүргэж, ариг гамтай хэрэглэх ухамсарт хэрэглээг хэвшүүлэх зэрэг шинэ санал, санаачилгууд урган гарч байна. Дэлхийн жишигт хүрсэн мэргэжлийн байгууллага байх их үйлсэд бидэнтэй хамтран ажиллаж, цаг ямагт дэмжин ажиллаж ирсэн Монгол Улсын төр, нийслэлийн удирдлага, Ус сувгийн газрын үе үеийн удирдлага, хамт олон та бүхэндээ баярын мэнд хүргэе” гэв.

Улаанбаатар хотын УСУГ-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул байгууллагын туганд зүүж баяр хүргэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээсэн баярын илгээлтийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн сонсгож гардууллаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ”УСУГ бол нийслэлийн амин чухал салшгүй хэсэг. Нийслэлээс гэр хорооллын оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Шар хаданд дэд төвүүд байгуулахаар ажиллаж байна. Мөн БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хоногт 250.000 шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулах, Улаанбаатар хотын цэвэр бохир усны шугам сүлжээ болон байгууллагын үйл ажиллагааг алсаас хянаж удирдах зорилттой хяналт удирдлагын төвийн скада системийг хөгжүүлэх ажил хийнэ. Хотын ажил амьдралыг тасралтгүй авч явж буй та бүхэндээ ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гээд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргасан хүмүүсийг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав. 

Холбоотой мэдээ