Завханы 1600 гаруй хүүхэд, багш нар уран бичлэгээр амжилттай суралцжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-20 11:24:19

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Миний Монгол-2025” хөтөлбөрийн хоёрдугаар шатны сургалтыг зургаан бүсэд зохион байгуулж, 24 сумын 1600 гаруй хүүхэд, багш, эцэг эх, сонирхогчид хамрагджээ.

Монгол уран бичлэгийг амжилттай суралцаж түгээн дэлгэрүүлж буй хамгийн сайн суралцсан сургууль бүрээс нэг хүүхдийг шалгаруулан аймгийн Засаг дарга шагнаж урамшуулсан бол сумын Засаг дарга нар, “Хатан ухаан” төв шилдэг сурагчдыг шагнаж урамшуулжээ. Сургалтыг ӨМӨЗО-ы Монгол хэлэн зүйн эрдэмтэн доктор, нэрт уран бичигтэн Ийшийн Сувади, Отог өмнөд хошууны монгол дунд сургуулийн удаан жилийн захирал Толгарын Вандинбуу, монгол бичгийн уран бичлэгийн багш Ө.Одгэрэл,  уран бичлэгийн багш Ю.Отгонмаа нар удирдан явууллаа.

Хоёрдугаар шатны сургалтаас нийт 300 гаруй шилдэг бүтээл төрсөн бөгөөд багш нар шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Монгол уран бичлэгийн гуравдугаар шатны сургалт 2020 оны хавар эхэлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор Монгол Улс 2025 оноос албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Тиймээс Завхан аймаг оюуны соёлын үнэт өв болсон босоо Монгол бичгээ хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, хүн бүр уншиж, бичих чадварыг эзэмших, Монголоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилгаар аймгийн Засаг дарга Д.Батсайхантай хамтран хэрэгжүүлж буй “Миний Монгол-2025” хөтөлбөрийг 2019 оны хавар эхлүүлж эхний шатны сургалтаар 200 хүүхэд, 100 багшийг амжилттай сургаж, 30 багшийг ӨМӨЗО-ы Хөх хотод суралцуулсан хэмээн аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас тус тус мэдээлэв. 


Холбоотой мэдээ