Иргэдийг 4000 ажлын байранд бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-20 11:22:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар (НХЭГ), Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб хамтран МҮЭСТО-нд “Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөг зохион байгууллаа.


Өдөрлөгт “Говь”, “АПУ”, “Алтанжолоо трейд”, “Таванбогд фүүдс” зэрэг 31 аж ахуйн нэгж оролцож, худалдагч, үйлчлэгч, ачигчаас эхлээд салбарын захирал хүртэлх 2000 гаруй нээлттэй ажлын байранд бүртгэсэн. НХЭГ, Цагийн хөдөлмөрийн бирж мөн 2000 гаруй ажлын байранд бүртгэлээ. Түүнчлэн өдөрлөгт оролцсон иргэд нээлттэй ажлын байранд бүртгүүлэхээс гадна “Карьер хөгжлийн төв”-ийн хамт олноос мэргэжлээ зөв сонгох, ур чадвараа тодорхойлох талаар, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гээс шинэ ажлын байрандаа дасан зохицох талаар зөвлөгөө авлаа.


Түүнчлэн иргэд Дэлхийн банкны Цогц хөгжлийн сургалтад бүртгүүлэв. Уг сургалтад бүртгүүлснээр барилгын цахилгаанчин, засал чимэглэлчин, оёмол бүтээгдэхүүн, мах, сүү, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан, эсгий ноос, ноолуур боловсруулах анхан шатны ажилтан, зочид буудлын өрөөний үйлчлэгчийн сургалтад сууж, улмаар ажлын байранд зуучлуулах юм.


Өдөрлөг 10.00-16.00 цагт боллоо.

Холбоотой мэдээ