АНУ-ын Засгийн газрын санхүүжилтийг 12 дугаар сарын 20 хүртэл сунгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгресс тус улсын Засгийн газрыг 12 дугаар сарын 20 хүртэл түр санхүүжүүлэх тухай тогтоол баталжээ.
Уг баримт бичгийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим мягмар гарагт, харин АНУ-ын хууль тогтоох байгууллагын дээд танхимын гишүүд пүрэв гарагт баталсан байна. Сенатын танхимын гишүүдийн 75 нь тогтоолыг батлахын дэмжиж, 20 нь эсэргүүцсэн санал өгчээ. Уг тогтоолыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт баталсан байна.
АНУ-ын төсөв батлагдаагүй тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагаа дахин түр зогсож болзошгүй юм. Ийм явдал хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 22-нд болсон бөгөөд АНУ-ын түүхэнд хамгийн удаан буюу 35 хоног үргэлжилсэн билээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зорилгоор улсын төсөвт 5.7 тэрбум ам.доллар суулгахыг хүссэн боловч үүнийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцсэн учраас төсвийг батлах зөвшилцөл гацаанд орж, Засгийн газрын харьяа яам, агентлагуудын үйл ажиллагаа түр зогссон юм.
Сенатын танхимд олонхын суудалтай Бүгд Найрамдах намын гишүүд батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд ингэхдээ тэд боловсролын салбар болон гадаадын орнуудад олгодог санхүүжилтийг багасгахыг зорьж байгаа юм. Харин Төлөөлөгчдийн танхимд олонх болсон Ардчилсан намынхан хана барихын оронд дотоодын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нь дээр гэж үзэж байгаа аж. Үүнээс харахад, хууль тогтоогчид 10 дугаар сард эхэлсэн 2020 оны санхүүгийн жилийн төсвийг эцэслэн батлахын тулд харилцан буулт хийхээс аргагүй болно.