Ажил мэргэжил бүхэн ур чадварыг харамгүй урамшуулж чаддаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2019-11-25 12:42:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргадаг хүмүүсийн эзэмшсэн нийтлэг ур чадвар бол ямар ч нөхцөлд бусадтай хамтран багаар ажиллах чадвар, мэдэж судлах, хийх хүсэл эрмэлзэл байдаг.


Мөн дасан зохицох чадвар чухал. Мэдээж хэрэг, санхүү, нягтлан бодох бүртгэл, маркетинг болон цахим мэдээллийн зохих мэдлэг эзэмшсэн байх ёстой. Хувь хүний хүнлэг ёс зүй, нийгмийн харилцааны соёл, аливаа асуудлын учир шалтгааныг ойлгож мэдрэх чадамж чухал.


Эдгээр ур чадварыг эзэмшсэн залуу хүн хаана ч ажиллаж чадах төдийгүй мэргэжилдээ өсөж дэвжих, хөгжих боломж нь нээлттэй байдаг. Аливаа ажил, мэргэжлийн ур чадвар ахих тусам шинэ шинэ боломжууд гарч өөртөө болон улс орон, нийгэмдээ үнэт зүйлийг бүтээдэг.   


Монгол Улсад 2018-2019 оны хичээлийн жилд техникийн болон мэргэжлийн боловсрол, мэргэжлийн түр сургалтад 37 мянга гаруй хүн суралцжээ. Энэ нь өнөө үеийн хүүхэд залуус дээд боловсролоос илүүтэй мэргэжлийн шаталсан боловсрол, мэргэжлийг сонгох болсныг харуулж байна. Эндээс дүгнэхэд, ажил мэргэжлийн ур чадварыг өнөөгийн хөдөлмөрийн зах зээл, нийгэм шаардаж буйн нэг илрэл юм.


Монголын анхдагч Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулиас үүсэлтэй Монгол-Солонгосын политехник коллежийн үйл ажиллагааны талаар Сургалтын албаны менежер Д.Буяндэлгэртэй уулзаж яриа өрнүүлсэн юм.


-Танай сургууль өнөөдөр хэчнээн суралцагчийг ямар мэргэжлээр сургаж байна?


-Монгол-Солонгосын хамтарсан политехник коллеж нь 53 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Төрийн өмчит сургууль. Анх 1966 онд Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль гэж байгуулагдсан энэ салбарын ууган сургуулийн нэг. Мэргэжлийн сургалттай манай сургууль 2 удаа магадлан итгэмжлэгдсэн. Өнөөдөр 1800 суралцагч 140 гаруй багш, ажилтантай ажиллаж байна. Нийтдээ 20 гаруй мэргэжлээр хөнгөн үйлдвэрлэл, мэдээллийн технологи, авто машин механизм, уул уурхай, барилга, сэргээгдэх эрчим хүчний салбарт мэргэжилтэй ажилчин, техник, технологичдыг бэлтгэн гаргаж байгаа. Бид БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтыг 3 удаа авч хэрэгжүүлж байна.


-Хөрөнгө оруулалтыг юунд зориулж хэрхэн хэрэгжүүлж байгаа бол?


-Одоо 3 дахь шатны хөрөнгө оруулалтаар коллежийг чадавхжуулах, авто машин засвар, хөнгөн үйлдвэрийн механикийн чиглэлээр улсдаа тэргүүлэх түвшний шаардлага хангасан сургалт чадамжийн төв болгохоор, мөн багш, ажилтнуудаа мэргэшүүлэн чадавхжуулахаар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


-Сургуулийн өнөөдрийн сургалтын багтаамж, хүчин чадлыг сонирхуулна уу?


-Манай коллеж 1200 суудал бүхий анги танхим, мэргэжлийн ур чадвар олгох 32 дадлагын газартай, мөн 240 оюутны дотуур байртай. Манай сургуульд нийслэл болон 21 аймгаас жил бүр суралцагчид ирж суралцаж байна.


-Төгсөгчдийн хэдэн хувь нь шууд ажлын байртай болж байгаа бол?


нгөрсөн 53 жилд 30 гаруй мянган мэргэжилтэй ажилчин, техник, технологичдыг бэлтгэн гаргажээ. Бид 100 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж сурагчдаа дадлагажуулах замаар ажлын байраар хангадаг. Нийтдээ төгсөгчдийн 80 гаруй хувь нь шууд ажлын байртай болдог. Зарим нь цаашаа их дээд сургуульд суралцдаг. Тухайлбал, бид ШУТИС, Сити урлах эрдмийн дээд сургууль зэрэг олон сургуультай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд суралцагчдаа шатлан сургадаг. Мөн ажил олгогчид, аж ахуйн нэгжүүдийн захиалгаар мэргэшүүлэх, давтан сургах сургалт явуулдаг.


-Өнөөдөр ажлын байрны эрэлт хэрэгцээ ямар байгаа бол?


-Сүүлийн жилүүдэд Монголд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж байгаатай уялдаж ажиллах хүчний эрэлт маш их байна. Ажил олгогчид ур чадвартай, тогтвор суурьшилтай, чин сэтгэлээсээ бүтээлчээр ажиллах залууст ажлын байр хангалттай байгааг онцолж байна. Хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд оёдол, сүлжмэл, нэхмэл, ээрмэлийн чиглэлээр мэргэжлийн ажилчин эрэлт ихтэй байгаа. Ганцхан жишээ дурдахад л, өнөөдөр сүлжмэлийн оёдлын кительчин мэргэжлээр 400 ажлын байр эзнээ хүлээж байна. Энэ мэтээр Монголд хөдөлмөрийн зах зээлийн ажлын байрны эрэлт хэрэгцээ хангалттай их байгаа.


-Эрэлт ихтэй ямар мэргэжил байгаатай уялдсан бодлого байдаг уу?


-Монгол Улсад ноос, ноолуур боловсруулах үйлдвэр эрчимтэй хөгжиж, шинэ техник, технологийг оруулж ирэх болсон. Бид “Говь” ХК-тай нягт хамтарч тэнд ажиллах боловсон хүчнийг нь бэлтгэдэг гол түшиц сургууль болсон. Сүүлийн үед боловсруулах үйлдвэр олноор байгуулагдаж байна. Мөн “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт 100 үйлдвэр төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн оёдлын болон арьс шир, савхин эдлэлийн үйлдвэрүүд сэргэж ажлын байрны эрэлт хэрэгцээ ихэссэн. Хөнгөн үйлдвэрийн шинэ техник, технологи дээр ажиллах хүний нөөцийг мэргэжлийн түвшинд бэлтгэх шаардлага ч гарсан. Үүнийг бид хангах зорилттой. Иймд өндөр ур чадвартай багш бэлтгэх зорилгоор багш нараа БНСУ, Европын орнууд болон Японд мэргэшүүлж байгаа. Мөн сайн суралцагчдыг мэргэшүүлэн сургаж сургуульдаа багшлуулж байна. Манай багш нар ЕБС-ийн багшаас 2 зэрэглэл дээгүүр цалин авдаг. Төрөөс мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд онцгой анхаарч байна. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс МСҮТ болон коллежид суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэмж олгох болсон, 2020 оноос 200 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ.


Ташрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу ажилчин” шагналын анхдагч, тус коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлт өнөөдөр төрөлх сургуульдаа багшаар ажиллаж байгаа аж.


Ерөнхийлөгч Х.Баттулга /2018.12.27/ энэхүү хүндтэй шагналыг түүнд гардуулахдаа хэлсэн үгийг эргэн дурсахад “Өнөөдөр маш их ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр иргэд “залуучуудад ажил хангалттай олдох ч ажил хийх сонирхолгүй байна” гэсэн шүүмжлэлийг олон хэлж байсан. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны эхний байдлаар, зөвхөн бүртгэлтэй, ажилгүй иргэдийн тоо 25 мянга орчим байна. Тэдний дийлэнх нь 25-34 насны залуучууд. Гэтэл Хөдөлмөрийн бирж дээр 35 мянган ажлын байрны зар гарсан байх юм. Ажил хийх хүслээ илэрхийлж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тооноос ажлын байрны тоо даруй 10 мянгаар илүү байна. Энд гарч байгаа гол бэрхшээл нь мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн эв дүй юм. Ажил олгогчид мэргэжилтэй ажилтан олдохгүй байгааг байнга хэлдэг. Манай боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг тооцоололгүйгээр жил бүр ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөөр байгааг өөрчлөх цаг болсон. Үүний тулд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна. МСҮТ-д эрэлттэй мэргэжил эзэмшсэн хүн, дээд сургуулийг түгээмэл мэргэжлээр төгссөн хүн хоёрын ажилд орох магадлал 99:1-ийн харьцаатай болжээ” хэмээн онцлоод 18 настай Э.Уужимсэтгэлт шиг эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун болж, ихийг хийж бүтээхийг залууст уриалсан билээ.


Дөнгөж 20 нас шүргэж яваа багш Э.Уужимсэтгэлт шавь нартаа гагнуурын дадлага хийгээд завсарлах үеэр уулзсан юм.


-Төрөлх сургуульдаа багшаар ажиллаж байгаад баяр хүргэе. Танай ангийн хүүхдүүдээс хэд нь мэргэжлээрээ ажиллаж байна?


-Баярлалаа. Манай ангийг төгссөн 30-аад хүүхдээс 80 гаруй хувь нь гагнуурчны мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ сургуулийг 7-8 жилийн өмнө төгсчихөөд эргээд сургууль дээрээ ирж, гагнуурын мэргэжлээ нэг их ойшоодоггүй байжээ,  ур чадвараа ахиулмаар байна гээд ирж байгаа хүмүүс ч байна. Үйлдвэрийн дадлага маш чухал. Анх би 4 дүгээр ДЦС-д дадлага хийгээд энэ мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж, тэнд ажиллаж байгаа өндөр чадвартай гагнуурчин багш нараас их зүйлийг сурч мэдсэн. Намайг энэ мэргэжилд сонирхолтой болгож чиглүүлсэн аав, зааж сургасан Гантулга багш болон бүх багш нартаа талархаж явдаг. 


-Яагаад багшийн мэргэжлийг сонгох болов?


-Би хүүхдүүдэд зааж сургаж, багшилснаар өөрөө улам ихийг сурна, судална, уншина.  Надад 2018 онд “Оюутолгой” компанид ажиллаж, дадлагажих боломж олдсон. Тэнд сар дадлагажаад Бээжинд ур чадварын тэмцээнд орж цахилгаан гагнуурын төрөлд II байр эзэлсэн. Мөн “Оюутолгой”-д үргэлжлүүлэн ажиллаж байгаад ХНХЯ-ны дэмжлэгээр БНСУ-д нэг сар дадлагажиж, тус улсад болон ОХУ-д ур чадварын тэмцээнд өрсөлдөхөд надад хурд, хүч дутуу байгаагаа мэдэрсэн. Иймд суралцах хугацаанд нь хүүхдүүдэд энэ бүгдийг заах ёстойг ойлгосон. Орчин үеийн гагнуурын өөр өөр аппарат хэрэгсэлтэй ажиллаж үзлээ. Өөрийн сурсан мэдлэг туршлагаа олон хүүхдэд түгээхийг хүсэж байна. Миний хувьд, энэ мэргэжлээ улам гүнзгийрүүлэн дэвшин суралцахад гадаад хэл сурахаас эхлээд олон зорилт байгаа.


-Ажил мэргэжлийг өөрийн болгож эзэмших талаар үе тэнгийнхэндээ хандаж юу хэлэх вэ?


-Аливаа зүйлийг өнгөц харж битгий дүгнээсэй гэж бодож байна. Тухайн зүйлийн мөн чанар юу болох, цаана нь юу байгааг огт мэдэхгүй байж, өнгөцхөн хараад л өнгөрдөг. Гэтэл цаана нь үнэхээр гайхамшиг, том боломжууд байж байдаг. Үүнийг бид харалгүй бодол сэтгэхүйдээ болохгүй гэсэн хаалт хийгээд орхидог. Дээд  боловсролоос илүүтэй өндөр ур чадвартай оёдолчин, засварчин, токарьчин, гагнуурчин, эсгүүрчин зэрэг мэргэжил улс оронд минь ямар их эрэлт хэрэгцээтэйг өнөөгийн хүүхдүүд ойлгоод эдгээр мэргэжлээр суралцах хүсэлтэй болсон нь сайхан байна. Мэргэжлийг дээд, доод гэж ялгахаас илүүтэй тухайн хүний төлөвшил, хүмүүжил зөв байх нь хамгийн чухал. Тиймээс ч өнөөдөр ажил олгогчид ур чадварыг 100 хувь байхыг шаардах бус, харин хамт олонтой баг болж ажиллах чадвар, тухайн хүний төлөвшил, суурь хүмүүжлийг нь онцолдог.


Гагнуурчны тавдугаар зэрэгтэй Э.Уужимсэтгэлтэд “Оюутолгой” болон “Хасу мегаватт” зэрэг хэд хэдэн компаниас ажлын санал ирсэн ч тэр мэргэжил эзэмшсэн сургуульдаа багшлах сонголтыг хийжээ.


Тиймээ, боловсрол, ажил, мэргэжлийнхээ гарааг эхлүүлэн сонголтоо хийж буй залуу хүн бүхэн төлөвлөгөө, зорилготой байдаг.  Мөн өөрийн хүсэл зорилго, бодит боломж чадвараа мэдэж байх нь чухал бөгөөд ажлын байрны эрэлт хэрэгцээг ч судлах ёстой. Суралцаж байгаа ажил мэргэжлийнхээ хувьд хөгжиж дэвших хөтөлбөр төлөвлө, хэрхэн хэрэгжүүлэх талаар санаа оноогоо дэвшүүл. Тухайн мэргэжлээр ажиллах хүсэл тэмүүлэл байгаа гэдгээ мэдрүүл. Харин ажилд орсны дараа магадгүй дахиад ажил мэргэжлээ өөрчлөх эсвэл өөр салбарт хүч үзэх, тушаал ахих шаардлага ч гарч  болно. Энэ бол ур чадвартай залуу хүний хэв шинж төдийгүй тэдний зүтгэл, ур чадварын оролцоотой тухайн компани, салбар, улс орон хөгжин дэвжиж байдаг.


Эрч хүчтэй, ур чадвартай залуу хүн бүр тодорхой хугацаанд ажилдаа мэргэшиж, өсөж хөгжихийн хэрээр өөрийн гэсэн шинэ санаа, бизнесийг эхлүүлэх хүсэл сонирхол төрж эхэлдэг байна. Тэд боломжийг олж хардаг. Тэгээд ирээдүй рүү тэмүүлдэг. Жишээ нь тухайн ажил мэргэжлийн хүрээнд ажлын үр өгөөж, боломж, хүртээмж, зах зээл буурч, өсөж байгааг ч мэдэрдэг. Мөн ажиллах орчин, нөхцөлд өөрөө хяналт тавьж, удирдан зохион байгуулахыг хүсэж тэмүүлдэг.


Монголд өнөөдөр жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хамгийн олон нь 11-12 хүн ажилладаг байна. Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 1-9 ажилтантай 57 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байжээ. Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжих эхлэлүүд аль эрт тавигдаж ур чадвартай залуусаа энэ салбарт хүчээ сорьж, эх орондоо ажиллах, амьдрах, эх нутгийнхаа баялгаар бизнесээ өргөжүүлэх боломж нээлттэй болжээ.


Өнөөдөр ажил хайж байгаа залуусын нийтлэг дутагдал бол ажлын дадлага туршлага дутмаг байдаг. Иймд хоёроос доошгүй  жил ажилласан байх шаардлагыг ихэнх аж ахуйн нэгж, байгууллага тавьдаг. Тэгэхээр суралцагч байхдаа цагийн болон сайн дурын ажил, хөдөлмөр эрхэлж, дадлага туршлага хуримтлуулах нь зүйтэй.


Нийгмийн болон хүмүүнлэгийн аливаа сайн дурын ажилд оролцох нь зохион байгуулах ур чадварыг нэмэгдүүлж, харилцааны соёл, хэл яриаг хөгжүүлдэг. Мөн суралцаж байхдаа  үйлдвэрлэлийн  дадлага хийснээр багагүй туршлага хуримтлуулдаг. Тиймээс ч сургуулиуд тухайн мэргэжлийн чиглэлээр танилцах  болон үйлдвэрлэлийн дадлагыг сургалтын хөтөлбөртөө оруулдагЭрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролц, туслах судлаач болсноор аливаа ажлыг төлөвлөх, багаар ажиллах, хяналт тавих, судалгаа шинжилгээ хийх дадал эзэмшинэ.


Эзэмшсэн мэргэжил нь тухайн хүний насан туршийн амьдралынх нь салшгүй нэг хэсэг болдог. Иймд сонгосон мэргэжил, ур чадвараа өөрийн болгох нь хамгаас чухал. Ажил, мэргэжилдээ ахиж дэвших нь таны хичээл зүтгэл, хүсэл зоригоос шууд хамааралтай болохоор байнга суралц, унш, мэдлэгээ тэл...


Харин өнөөдрийн асар хурдтай шинжлэх ухаан технологийн дэвшлийн ачаар мэдлэг, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломж маш олон байгаа нь таатай.










Холбоотой мэдээ