"Иргэдийн оролцоотойгоор сумаа шинэчилье" төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-29 14:02:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр "Иргэдийн оролцоотойгоор сумаа шинэчилье" төсөл Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд тус сумын сургууль, цэцэрлэг, Нутгийн удирдлагын ордон, эмнэлэг шинээр барьж, төрийн бүх байгууллага орчин үеийн стандартад нийцсэн нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна. Ирэх онд шинэ соёлын ордон барих бол сумаараа дулаан, цэвэр, бохирын нэгдсэн сүлжээнд удахгүй холбогдох аж.

Хотынхтой адил нөхцөлд амьдрах боломж Өлзийтийнхөнд ийнхүү бүрдэж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн үүд хаалга болсон энэ сум цаашдаа улсад "Загвар сум" болон хөгжих зорилт тавьжээ.

УИХ-ын даргын ажлын албанаас сум орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог бий болгох зорилгоор "Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо" эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд оролцсон шилдгүүдийн мөнгөн шагналыг энэ сарын 28-нд Өлзийт суманд ажиллах үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулан өгчээ. Эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг нэг сая, удаах байрыг 800 мянга, 500 төгрөг тус тус дагалдаж байгаа юм байна. Ийнхүү уралдаанд ирсэн бүтээлүүдэд дурдагдсан санал санаачилгуудын хүрээнд цаашид иргэдийн оролцоотойгоор сумаа хөгжүүлэх ажил үргэлжлэх юм.

Холбоотой мэдээ