Бат-Өлзийн эмэгтэйчүүд хамтдаа хөгжиж, харилцан суралцах шийдвэр гаргалаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-28 12:18:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн НАМЭХ-оос УИХ-ын гишүүн Я.Содбаатарын Ажлын албатай хамтран “Харилцан суралцъя-Хамтдаа хөгжье” сэдэвт эмэгтэйчүүдийн чуулганыг Бат-Өлзий суманд зохион байгууллаа.

“Эмэгтэйчүүд хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл шалтгаалан хөгжих, боловсрох, цаг үетэй хөл нийлүүлэн алхах эрхтэй. Үүний тулд харилцан нэгнээсээ суралцаж, хамтдаа хөгжих нь чухал” гэдгийг ойлгуулах нь чуулганы зорилго гэдгийг НАМЭХ-ны тэргүүн Т.Нарангарав хэлж байв. Бат-Өлзий сум 4000 орчим эмэгтэйчүүдтэй. Тэдний төлөөлөл 200 эмэгтэй чуулганд оролцож, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, тулгамдсан асуудлынхаа талаар санал солилцсон юм.

Тухайлбал, хөдөө аж ахуйн уламжлалт арга технологио сэргээх, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, хуванцар эдлэлийг халах, хөдөлмөр зуслан байгуулах, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг төвтэй болох, охидод эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг цэг байгуулах зэрэг олон саналыг эмэгтэйчүүд хэлж байлаа. Чуулганы үеэр Бат-Өлзий суманд НАМЭХ-ны салбар зөвлөлийг байгуулж, дарга, тэргүүлэгчдийг сонгосон юм

“Харилцан суралцъя-Хамтдаа хөгжье” чуулганыг Уянга, Зүүнбаян-Улаан суманд үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд эмэгтэйчүүдээс гарсан санал, санаачилгыг аймгийн ИХД-д танилцуулж, бодлого, шийдвэрт тусгах аж.

Холбоотой мэдээ