Алслагдсан багийн хүүхдүүд сурч хүмүүжих цэцэрлэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллын хамгийн алслагдмал бүс болох
Наран багийн нутаг дэвсгэрт анх удаа 16 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулжээ.
Тус
аймаг энэ онд улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн нэг бол
Наран багт бүтээн босгосон 16
дугаар цэцэрлэг юм.
Тус цэцэрлэгийн барилга хоёр давхар, нийт 5400 мкв талбайтай. Өдгөө 150
хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд дэргэдээ 75 хүүхдийн ясли бүхий цогцолбор
гэдгээрээ онцлогтой аж.
Цэцэрлэгийн
барилгын ажлыг
"Турлиахт"
ХХК-ийн хамт олон
улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ.
16 дугаар цэцэрлэг 22 багш ажилтантай. Одоогоор цэцэрлэгт
явах хүсэлтэй хүүхдийн бүртгэлийн ажил өрнөж байна. Ирэх долоо хоногт буюу 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн
хүүхдүүдээ хүлээн авч, цэцэрлэгийн
үйл
ажиллагаа жигдэрнэ гэж албаныхан ярьж байв.
Ийнхүү Жаргалант сумын гэр хорооллын алслагдмал
бүс Наран багт хүүхдийн цэцэрлэгтэй болсноор тус баг төдийгүй Рашаант, Бичигт багт амьдарч буй хүүхэд багачуудын сурч
хөгжих орчин нөхцөл сайжрах, цаашлаад цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх давуу тал
бүрджээ.
Наран багт амьдарч буй айл өрхүүд бага насны хүүхдээ цэцэрлэгт хүмүүжүүлэхийн
тулд 4-5 км замыг туулдаг бөгөөд цаг хугацаа хэмнэсэн, орчин үеийн стандарт
шаардлага хангасан, хамгийн гол нь гэртээ ойрхон цэцэрлэгтэй болсонд иргэд
талархалтай байгаагаа хэлж байлаа.


