Ховд аймгийн ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-29 13:40:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Ховд аймгийн хэмжээнд 680 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 26 мянга орчим ажилтан, иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн судалгаа бий. Тэдний эрх ашгийг хамгаалах, улмаар нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал хүсэлтийг шат шатны байгууллагад уламжлах, жил бүр тодорхой хувиар нэмэгдэж буй шимтгэлийн хувь хэмжээг зогсооход энэхүү хурлын зорилго чиглэжээ.   

Энэ үеэр Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Ариунжаргал хэлэхдээ: “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг жил бүр нэмэгдүүлж байгаа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрчим хүч, дулаан хангамж, цэвэр усны үнэ тарифийн өсөлтөд нөлөөлж байна. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэх асуудлыг тус холбооноос эсэргүүцэж байна гэлээ. Мөн нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох замаар шударга, өгөөжтэй байдлыг бий болгож, иргэд даатгалынхаа үр шимийг бүрэн хүртэх боломжийг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэв.

Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь есөн тэргүүлэгчтэй. 60 гаруй гишүүн байгууллагатай аж. Тухайн байгуулага бүрт үйлдвэрчний эвлэлийн салбар, гишүүд идэвхтэй ажиллаж байгаа. Цаашид олон нийтийн санал авах, хөдөөгийн сумын иргэдийн дуу хоолойг сонсох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ гэж мэдээллээ. Иргэдийн нэгдсэн санал хүсэлтийг УИХ-ын гишүүд болон дээд шатны байгууллагад уламжилж ажиллана гэлээ.    

Холбоотой мэдээ