ЖДҮДС-гаас зээл хүсэхэд анхаарах асуудлуудын талаар сургалт хийлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-28 23:13:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг "Төслийн удирдлага - төсөл бичих аргачлал" сэдэвт сургалтад өнөөдөр хамрууллаа.

 Тус сургалтыг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ИТХ, ЗДТГ, “Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн” төрийн бус байгууллага хамтран “Төслийн удирдлагын арга зүйн заавар MNS ISO-21500” стандартад суурилан зохион байгуулжээ.

Сургалтад ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн захирал Б.Батцэцэг, тус сангийн ахлах мэргэжилтэн С.Болдбаатар нар оролцож, 2019 оны зээл олголтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслийн тухай ойлголт, төсөлд хамрагдах арга зам болон төсөл бичих явцад анхаарах зүйлс, гарч буй нийтлэг алдаа, мөн холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.

"ЖДҮДС-гаас аймаг тус бүрт нэг тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан. Үүнээс 366 төсөл санхүүжилт авах эрх авч, өнөөдрийн байдлаар 280 гаруй төсөлд зээл олгов. Баян-Өлгий аймгийн хувьд 16 төсөл сонгон шалгаруулалтад тэнцэж урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах боломжтой болсон байгаа. Үүнээс өнөөдрийн байдлаар арилжааны банкны шалгуур хангасан дөрвөн төсөл 490 сая төгрөгийн санхүүжилт аваад байна. Үлдсэн нэг сарын хугацаанд үлдэгдэл санхүүжилт бүрэн гарах байх гэж найдаж байгаа" хэмээн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн захирал Б.Батцэцэг хэллээ.

Ихэнх төслүүд сонгон шалгаруулалтад тэнцэн зээл авах эрх нь үүссэн боловч банкны шалгуур хангахгүй зэрэг шалтгааны улмаас санхүүжилт олгогдохгүй удааширч байгааг үйлдвэр эрхлэгчид сургалтын үеэр онцлов. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд орлого, зарлагаа банкаар дамжуулалгүй хийдэг нь  орлогоо нотлоход хүндрэл учруулж байгаа аж.

Харин уг асуудлаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле банкны удирдлагуудтай сургалтын үеэр уулзаж, төслийн санхүүжилт саатаж байгаа шалтгаануудын талаар ярилцжээ. Мөн зарим төслүүд банкны шалгуурыг үнэхээр хангахгүй байгаа бол нөөцөд бүртгэлтэй дараагийн төслүүдийг оруулж ирэхийг чиглэл болгосон байна.   

Холбоотой мэдээ