Аймгийн арслан С.Ерөөлт түрүүлэв

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-11-29 11:15:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ой, Эзэн богд Чингис хааны мэндэлсэн, Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан Дархан БТСГ-ын ордонд боллоо.

Энэ жилийн түүхт өдрийн бөхийн барилдаанд аймгийн арслан С.Ерөөлт түрүүлэв. Бөхийн барилдаанд 32 бөх зодоглосноос аймгийн арслан гурав, нэг харцага магнайлсан аж. Үзүүрт түрүүнд үлдсэн хоёр бөх Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат байснаараа илүү сонирхолтой болж үзэгчдийг шуугиуллаа.

Түрүү бөх Аймгийн арслан С.Ерөөлтийн хувьд "Дархан-Ус суваг" ХК-ийн бөх бол үзүүрлэсэн аймгийн хурц арслан С.Очирбат нь "Элит хөгжил" ХХК-ийн бөх юм. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат, Хангарьд дэвжээний бөх аймгийн арслан  Б.Гантөмөр, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харъяат, Даян дэвжээний бөх сумын заан Ц.Нямсүрэн нар шөвгөрөв. Уран барилдааны шагналыг Увс аймгийн Тэс сумын харъяат Төмөрлөгийн үйлдвэрийн бөх сумын заан Б.Батсүмбэр хүртэж үзэгч олноо баясгалаа.

Холбоотой мэдээ