"Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээний шилдгээр Замын-Үүдийн сурагчид шалгарав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-29 11:55:55

Дорноговь /МОНЦАМЭ/.Аймгийн ГХУСАЗСЗ-өөс ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг "Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээн энэ сарын 28-нд боллоо.

Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой тэмцээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өрсөлдөж мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон.

Нийт найман багийн сурагчид оролцсон тэмцээнд тусгай байрыг Хөвсгөл сумын "Хутагт" баг, гуравдугаар байрыг Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн "Соёмбо" баг, хоёрдугаар байрыг Хатанбулаг сумын "Гарц" баг,  тэргүүн байрыг Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн "Зохицуулагч" баг тус тус эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Энэ жил уг тэмцээнийг сумдад бүсчлэн зохион байгуулсан бөгөөд шалгарсан багууд хоорондоо өрсөлдсөн байна.

Холбоотой мэдээ