Газар зохион байгуулалтын төлөвлөгөө 86.0 хувь биелжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө 86.0 хувийн биелэлттэй байна.
Аймгийн
ИТХ-ын 10 дугаар хуралдааны хүрээнд газар
зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төслийн тухай
ГХБХБГ-ын дарга Б.Баярсүхийн илтгэл хэлэлцлээ.
Тус байгууллага энэ онд төрийн үйлчилгээг иргэдэд цогц хэлбэрээр тэгш,
хүртээмжтэй хүргэх зорилгоор “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын
харилцаа” уриалга дэвшүүлсэн. Улмаар давхардсан тоогоор 10 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж
байгууллагад төрийн үйлчилгээ үзүүлж, нийт 2106 өргөдөл, санал хүсэлт хүлээн авчээ.
Үүнээс
928 өргөдлийг аймаг, сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэж, 1106 өргөдлийг
газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрын зөрчил маргаантай гэх шалтгаанаар
хариу мэдэгдэх хуудсаар буцаасан.
Мөн 72
өргөдөл нь хянан шийдвэрлэх шатанд хүлээгдэж байна гэв.
Ховд аймгийн газар зохион байгуулалтын 2019
оны төлөвлөгөөний дагуу
нийт 324498.2 га газрыг 23 төрлийн
хавсралтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, өмчлүүлж, ашиглуулахаар баталсан. Үүнээс
285177.8 га газрыг журмын дагуу олгож, төлөвлөгөө 86.0 хувийн
биелэлттэй,
үр дүнтэй хэрэгжсэн байна гэж хуралдааны үеэр дүгнэлээ.
Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид газрын харилцааны чиглэлээр хэрэгжүүлж
буй ажил, маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа, цаашид анхаарах асуудлын талаар
асуулт асууж санал гаргав.
Улмаар аймгийн Газар зохион
байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад
эзэмшүүлэх, өмчлүүлэх зэрэг газрын асуудлыг
дэмжин баталлаа.
Мөн
2020 оны төлөвлөгөөгөөр баталсан газруудыг кадастрын зургаар баталгаажуулж, иргэд,
олон нийтэд сурталчлах,
хэрэгжилтийг хангах, төрөөс газрын талаар баримталж буй бодлого чиглэлтэй
уялдуулах,
орон нутагт байгаль,
газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи, эдийн засаг, нийгмийн бодлогыг
хөгжүүлэх, хэтийн чиглэлийг тодорхойлж ажиллахыг хуралдааны тогтоолоор даалгав.