Өрхийн эмнэлгийн байрны асуудлыг шийдэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 16:42:11

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа 4 өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд нэн тэргүүнд тулгамдсан асуудал нь байрны асуудал юм.

Иймээс өнгөрсөн баасан гарагт хуралдсан ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаарх мэдээллийг авч хэлэлцээд байрны асуудлыг 2017 оны төсөвт тусгах талаар хурлын Тэргүүлэгчдээс аймгийн Засаг даргад үүрэг чиглэл өглөө. Мөн байртай эмнэлгүүдийн засвар үйлчилгээний зардлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр болов.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь улсын төсвөөс санхүүжилттэй, хувийн хэвшлийн байгууллага боловч Сэлэнгэ аймгийн 105 мянган иргэнийхээ эрүүл мэндийн асуудлыг бодолцон ийнхүү аймаг, орон нутгаас байрны асуудалд анхаарахаар шийдвэрлэлээ.

Амйгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын зарим Тэргүүлэгчид Сүхбаатар сумын өрхийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаад, дүнг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсэн юм. 

Аймгийн хэмжээнд 7 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас Сүхбаатар суманд 4 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ