Хөвгүүд харилцаа хандлагаа соёлжуулах шаардлагатайг уриаллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-12-06 15:09:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн бүх сумын ЕБС-ийн сурагч 300 шахам хөвгүүдийг хамруулсан “Хөвгүүдийн манлайлал сэдэвт чуулганыг анх удаа Хэрлэн сумын Соёлын төвд зохион байгууллаа

Уг чуулганаар хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, тэдний үзэл бодлыг сонсох, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлж хүндэтгэх, хамгаалах зорилго агуулжээ. Чуулганы нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиун, ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний зөвлөх М.Ганхүлэг нар урилгаар оролцов. 

Чуулганыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Дэлхийн зөн ОУБ-ын "Бор-Өндөр-2" ОНХ хамтран зохион байгуулж, хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гаргасан санал хүсэлт, санаачилгыг бүх талаар дэмжин хамтран ажиллахаар боллоо.

Хэнтий аймгийн ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтэн А.Алтаншагай ярихдаа, -Энэ чуулганыг өнгөрөгч 10 дугаар сарын 10-ны өдөр буюу “Охидын эрхийг хамгаалах өдөр” зохион байгуулсан 300 охидын чуулганаас гарсан санал санаачилгын дагуу зохион байгууллаа. Чуулганд сумдын болон төвийн сургуулиудын нийгмийн ажилтнууд, 8-11-р ангийн 6-30 сурагчийн хамт ирж оролцсон. Энэ үеэр ДЗОУБ-ын “Бор-Өндөр-2” орон нутгийн хөтөлбөрийн зүгээс “Оролцоод хөгжье” сургалтын талаар танилцууллаа. Хэнтий аймгийн хэмжээнд өсвөр насны хөвгүүдийн төлөөлөл болсон эдгээр 300 сурагч ийнхүү чуулснаар хөвгүүдийн идэвх оролцоогоор дамжуулан ухамсар төлөвшил, харилцаа хандлагад эерэг нөлөө үзүүлэх, хорт зуршил (архи, тамхи, PC тоглоом, Pub G, утсанд донтох)-ын хор нөлөөг танин мэдэх, ухамсраараа татгалзах, төлөвшил суулгах зэрэг ач холбогдолтой боллоо” хэмээн дүгнэв.

Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч н.Билгүүнбаатар, “Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхан архи тамхи, PC тоглоом, зүй бус үг хэрэглэх зэрэг буруу зуршилд уруу татагдах нь түгээмэл болсон. Тиймээс бие биедээ аль болох зөв үлгэр дууриалтай, эерэг сайн нөлөөтэй байх нь биднээс эхэлнэ” хэмээн уриалав.  

Батширээт сумын төлөөлөл сурагч хөвгүүн, “Бусдыгаа үл тоох, ялгаварлан гадуурхах үзэл хаа сайгүй байна. Тухайлбал энэхүү чуулганд нэгэн зорилгын төлөө хамтдаа нэгдэж холоос зорьж ирчихээд бие биенээ хүндэтгэлтэй сонсож чадахгүй байгаа нь сэтгэл эмзэглэмээр. Энэ удаагийн чуулган дээр яригдсан хэрэгтэй бүхнийг бүгдийг нь сонсоод ялгаж салгаж өөртөө тусгаж авч чадахгүй байгаа сурагчдыг хараад өрөвдөж суулаа” гэсэн бол Өлзийт тосгоны 12а ангийн сурагч Ганхөлөг, “Миний хэлэх санал нь бусдыгаа ялгаварлан үзэх, бие биедээ зүй зохисгүй үг хэлэх, хараалын үг хэрэглэх зэрэг буруу зуршлаасаа ангижрах зайлшгүй шаардлага тулгарсан нь бидний орчин нөхцөлөөс харагдаж байна. Тиймээс ангидаа болон сургуульдаа “Хараалын үг хэрэглэхээ больё” гэх мэтээр аян өрнүүлбэл үр дүнтэй болов уу” гэв.

Хэрлэн сумын “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн төлөөлөл 11б ангийн сурагч хэлэхдээ, “Сургуулийн орчинд буюу 500 метр хүртэлх зайнд тамхи худалдаалахыг хориглосон байдаг. Гэвч энэ хууль зөрчигдсөөр байна. Тиймээс үүнд анхаарч ажиллахыг бүх холбогдох хүмүүст санал болгож байна”, Дархан сумын төлөөлөл 9а ангийн сурагч, “Чуулганд дурдагдсан тоо баримтаас харахад эсээ бичлэгийн уралдаанд оролцсон 60 хүүхдийн 12 нь эрэгтэй хүүхэд байгаа нь хөвгүүдийн идэвх оролцоо хэчнээн бага байгааг харуулж байгаа нэг жишээ юм. Тиймээс оролцоогоо сайжруулъя хөвгүүд ээ” хэмээн уриалсан бол, Баян-Овоо сумын төлөөлөл сурагч О.Хаш-Эрдэнэ, "Хөвгүүдийн чуулганыг анх удаа зохион байгуулсанд талархаж байна. Манай сумын хэмжээнд тулгамдаж буй асуудал гэвэл ялгаварлан гадуурхалт байна. Тиймээс хөвгүүддээ эрх тэгш харьцаач ээ гэж уриалъя”, Батноров сумын төлөөлөл сурагч Н.Мөнхжин хөвгүүддээ хандаж эрч хүчтэй байхыг уриалсан юм.

“Тэмүүжин” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Н.Батсайхан, "Чуулганаас дүгнэхэд бид цаашдаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоотой, соёлтой байх нь илэрхий харагдаж байна. Энэ нь нэгдүгээрт өөрийгөө илэрхийлж сурах, хоёрдугаарт хамтын багаар ажиллах чадварт суралцах зэрэг ач холбогдолтой. Уг чуулганыг зохион байгуулж байгаа Энх-Эрдэнэ, Ганхөлөг дарга нар сурагч байхаасаа “Хүслэн” хүүхдийн оролцооны байгууллага, сургуулийн өсвөрийн цагдаа зэрэг хүүхдийн оролцооны байгууллагуудад идэвх зүтгэлтэй манлайлан оролцдог хүүхдүүд байсан. Тиймээс эдгээр хүмүүсээс үлгэр жишээ авахын сацуу эндээс сонссон, сурсан, мэдсэн зүйлээ бусдадаа түгээж, өөрсдөө үлгэр жишээ нь байгаарай” хэмээн захисан бол аймгийн БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг хэлэхдээ, “Хөвгүүдийн манлайлал” гэсэн энэ чуулганаар “эр хүн гэдэг эх орондоо төдийгүй гэр бүл, нийгэмдээ ямар их нэр нөлөөтэй хүн байдаг” тухай түлхүү хөндөгдлөө. Хөвгүүдийн чуулганыг охидын чуулгантай харьцуулж үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа харагдаж байна. Тухайлбал хөвгүүд охидыг бодвол анхааралтай сууж сонсох талдаа дутмаг байгаа юм шиг боловч өөрсдийн асуудлыг олж харах, шийдлийг олох, тулгамдсан асуудлынхаа талаар илүү оновчтой, алсын хараатай, зөв зохистой илэрхийлж байгаа нь харагдаж байна. Мөн чуулганаар хөвгүүдийнхээ саналыг сонсч ярилцаад “Хөвгүүдээ сонсъё” гэсэн өдрийг улиралд нэг удаа зохион байгуулахаар боллоо. Мөн Бор-Өндөр сумын төлөөлөл буюу орос сургуульд сурч байгаад монгол сургууль руу шилжсэн сурагчид “Монгол сургуулийн хүүхдүүд бие биедээ уучлал, талархлын үг бараг хэрэглэхгүй байгаа нь ихээхэн эгдүүцмээр санагдсан учир хүүхдүүддээ “баярлалаа”, “талархлаа”, “уучлаарай” зэрэг үгсийг хэлж хэвшье гэсэн санал уриалгыг дэвшүүлж байна” гэлээ.

ДЗОУБ-ын “Бор-Өндөр-2” ОНХХ-ийн менежер Г.Жаргалбат, “Хөвгүүдийн манлайлал” чуулганд аймгийн төвөөс болон хөдөө орон нутгаас төлөөлөл болон ирж оролцсон нийт сурагчдын арав гаруй хувь нь өөрсдийн тулгамдаж буй асуудлын талаар түүнд хэрхэн оролцоотой байх талаараа үзэл бодлоо илэрхийлж дуу хоолойгоо өргөж байгаагийн дийлэнхийг нь харилцаа хандлага, хорт зуршлын эсрэг санаа сэдэлтэй байна. Мөн чуулганы үеэр “Хэнтий аймгийн хүүхдийн ажил байдал 2019” гэсэн томоохон судалгааны мэдээлэл хийсэн. Үүнд дурдагдсан хүүхдүүд яаж гэмт хэргийн золиос болж, хэрхэн гэмт хэрэгт холбогдож, хүчирхийлэлд хэрхэн өртөж байгаа зэрэг асуудлыг жишээгээр дурдаж, хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн оролцох талаар санал бодлоо илэрхийлсэн нь манай байгууллагын аймаг орон нутагтаа хийх ажлын тусгал боллоо” хэмээн дүгнэв.


Холбоотой мэдээ