“Ногоон гэрэл, цагаан шугам-2019” тэмцээнд VI сургуулийн баг түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-06 12:46:58

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл, цагаан шугам-2019’’ тэмцээн 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймагт боллоо.

Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой тус тэмцээнд Жаргалант сумын ерөнхий боловсролын гурван сургуулийн 3-5 дугаар ангийн 30 гаруй сурагч оролцов.

Тэд гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн таван төрлөөр өрсөлдөж, 10 гаруй даалгавар гүйцэтгэжээ.   

Энэхүү тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал зуршилтай болно. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм болон анхны тусламжийн мэдлэгийг хүүхдүүдэд эзэмшүүлэх давуу талтай гэж албаныхан мэдээллээ.

Ногоон гэрэл, цагаан шугам-2019’’ тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг , БСУГ, Улаан загалмайн хороо зэрэг байгууллага хамтран ажиллалаа. Мөн Цаст тээлийн зам ХХК-аас энэ удаагийн тэмцээнийг ивээн тэтгэж оролцсоноороо онцлогтой аж.

Тус тэмцээнд өнгөрсөн онд Жаргалант сумын ерөнхий боловсролын таван сургуулийн баг оролцож байсан бол энэ удаа гурван сургууль оролцсон нь хангалтгүй үзүүлэлт болохыг албаныхан онцлов. Улмаар цаашид тэмцээний цар хүрээг өргөжүүлэхэд зохион байгуулагчдын зүгээс анхаарч ажиллана гэлээ.  

“Ногоон гэрэл, цагаан шугам-2019” тэмцээнд Жаргалант сумын ерөнхий боловсролын VI сургуулийн баг түрүүлж цом, алтан медаль, 300 мянган төгрөг гардан авав.

Мөн дэд  байрт  I сургуулийн баг шалгарч мөнгөн медаль, 250 мянга, гуравдугаар байрт  III сургуулийн баг  шалгарч хүрэл медаль, 200 мянган төгрөгийн эзэд боллоо. 

Холбоотой мэдээ