Завхан аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 90 гаруй хувьтай биелжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-12-05 22:31:25

Завхан /МОНЦАМЭ/. Завханы ИТХ-ын VII хуралдаан болж аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 90 гаруй хувь биелсэн хэмээн дүгнэжээ.

2019 онд үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд нийт 169 ажил төлөвлөснөөс 100 хувь биелсэн 143 арга хэмжээ байна. Санхүү эдийн засгийн чиглэлийн ажил 90 хувь, хөрөнгө оруулалт ногоон хөгжлийн чиглэлийн ажил 91.8 хувьтай биелжээ. Харин нийгмийн бодлогын чиглэлийн ажил 98.5 хувь, засаглалын бодлогын ажил 96.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Үндсэн чиглэлийн хүрээнд зургаан арга хэмжээ 40-өөс доош хувьтай, дөрвөн арга хэмжээ биелэгдээгүй байгаа талаарх илтгэлийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг өглөө.

Үүний дараа аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, хийсэн ажлынхаа тайланг төлөөлөгчдөд мэдээлэв. Аймгийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаанд үндсэн дөрвөн чиглэлийн бодлогыг барьж ажиллажээ. Тухайлбал эдийн засгийн чиглэлээр хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтыг тавьж ажиллажээ. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр уул уурхайгүй аймаг болох зорилтыг тавьж уул уурхайн 99 лицензийг 59 болгож бууруулсан байна. Өнөөдрийн байдлаар Завхан аймаг 57 лицензийг хүчингүй болгохоор ажиллаж байгаа гэлээ. Харин нийгмийг хөгжүүлэх чиглэлээр нийт иргэдээсээ санал авч шийдвэр гаргах журмаар ажилласан бөгөөд засаглалыг сайжруулахад иргэдийн санал хүсэлт хамгийн чухлыг онцлов. Ийнхүү 2019 онд дөрвөн бодлогынхоо хүрээнд 210 ажил төлөвлөснөөс нийт ажлын биелэлт 90 гаруй хувийн биелэлттэй байна. Түүнчлэн аймгийн ИТХ ын Тэргүүлэгчдээс 2019 онд хийсэн ажлын тайланг тавьж аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай, энэ оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай илтгэлийг тавилаа. Ийнхүү аймгийн ИТХ-ын долоодугаар хуралдаан санал шүүмжлэлтэй өрнөж аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 54,9 тэрбум төгрөгийг төлөөлөгчид баталлаа хэмээн аймгийн ИТХ-аас тус тус мэдээлэв. 

Ургамал сум ирэх онд ОНХС-ийн 112 сая төгрөг зарцуулахаар батлуулжээ

Завхан аймгийн ИТХ-ын VII хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Хүнгий голын төмөр бетон гүүрийн эхний санхүүжилт 500 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталлаа хэмээн Ургамал сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй төлөөлөгч Б.Баасанбямба мэдээлэв.

Мөн сумын ЗДТГ-ын барилгын эхний 400 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болжээ. Орон нутгийн хөгжлийн сан зэрэг сумын бусад төсөв хасагдаагүй зарим нь нэмэгдсэн дүнтэй байна. Тухайлбал Ургамал сумын ОНХС-д 112 сая төгрөг хуваарилагдана. Түүнчлэн сумын ИТХ-ын дарга А.Алтансүх, Засаг дарга Г.Гэрэлт-Од нарын хамт Ургамал сумын сургуулийн зүүн корпусын засвар, бохир соруулах автомашин, худаг, Соёлын төвийн барилга зэрэг асуудлаар нэмж санал оруулсан тул эргэн судлахаар боллоо. Ирэх онд Хүнгий голын төмөр бетон гүүрийн барилгын ажлын явц 18 хувьтай, сумын ЗДТГ-ын барилгын ажлын явц 30 хувьтай хийнэ гэж тооцоолж байна хэмээн тус тус мэдээлэв.

Үндсэн чиглэлийн биелэлтийг ИНБ-ууд хянана

Аймгийн ИТХ-ын YII хуралдаанаар ,”аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”, 2020 оны төсвийг хэлэлцэж батлав.
2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулахаар “Ард иргэдээ сонсъё “ аянаар иргэдээс болон, сум байгууллага, ИТХ-ын төлөөлөгчдөөс нийт 89 тэрбум төгрөгийн ажил тусгуулахаар санал ирүүлжээ. Үүнээс УИХ-ын гишүүдэд хандаж 53 тэрбум төгрөгийн ажлыг нь шийдвэрлүүлсэн тухай аймгийн Засаг даргын Орлогч Б.Ариунаа мэдээлэлв.

2020 онд улсын төсвийн 46.8 тэрбум төгрөгөөр 55 ажил гүйцэтгэхээс 27 ажил нь өмнөх оны ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд, 28 нь шинээр барьж босгох бүтээн байгуулалтын ажил байна . Тухайлбал  Шилүүстэй, Ургамал, Түдэвтэй сумдад сумын тамгын  газрын барилга, Завханмандал суманд эрүүл мэндийн төв, Тосонцэнгэл суманд цаг уурын өртөө, Асгат суманд 75 хүүхдийн дотуур байр, Эрдэнэхайрхан сумд 240 хүүхдийн, Идэр, Сонгино, Тэлмэн сумдад 320 хүүхдийн сургуулийн барилга тус тус бариулахаар тусгажээ. Мөн Баянхайрхан, Тосонцэнгэл , Цэцэн-Уул Улиастай сумын 1, 9 дүгээр цэцэрлэгүүд, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс сумдад спорт заалны барилга, Яруу суманд соёлын төвийн барилга,Нөмрөг сумд багийн төв, Сантмаргаз суманд нийтийн биеийн тамирын талбай, аймгийн Прокурорын газрын барилгуудыг шинээр барина. Шилүүстэй сумд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг шинээр суурилуулж, Дөрвөлжин сумын эрүүл мэндийн төвийг өргөтгөхөөр болжээ.  Түүнчлэн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн барилга, Их –Уул, Отгон сумдын дотуур байр, Тосонцэнгэл сумын нэгдүгээр, Улиастай сумын  гуравдугаар, Тэс сумын сургуулийн барилгууд, Алдархаан, Сантмаргаз сумдын соёлын төвүүд, Хилийн Мэргэжлийн Хяналтын барилгад их засвар хийнэ.  Улиастай сумын автозам, Улиастай-Отгон чиглэлийн болон Улаанхаалгын амралт сувиллын замыг засварлаж, Ургамал сумын Хүнгийн голд төмөр бетонон гүүрийн ажлыг эхлүүлнэ. Сонгино сумд аврах бүлгийг шинээр байгуулна. Ирэх онд аймгийн хэмжээнд таван  гүний худаг шинээр гаргаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, булгийн эхийг хашиж хамгаална. Аймгийн ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулна. Сайн эмч, сайн багш, сайн оюутан зэрэг хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, түүний тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор сургалт зөвлөгөө үзүүлнэ. Улиастай сумын төвийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, мод үржүүлгийн газрыг эрчим хүчээр хангана. Сум бүрд брэнд бүтээгдэхүүнтэй болж, түүний тогтвортой байдалд анхаарч сургалт зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.
Энэхүү үйл ажиллагаануудын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналтыг Иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлж, үсчин, оёдолчин, бүжгийн холбоо, Улаан загалмайн хороод зэрэг олон улсын болон ИНБ-уудтай хамтарч ажиллах зэрэг 182 арга хэмжээг тусгалаа хэмээн тус тус нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ