Иргэн А.Байганат Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвд авто машин хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-09 15:42:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн иргэн А.Байганат тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвд Toyoto Estima маркийн авто машин хандивлалаа.

"Миний бие нялх хүүхдээ төрөлхийн зүрхний гажигтай гэсэн оношоор Улаанбаатар хотод гурван сарын турш эмчлүүлж саяхан ирлээ. Эмчилгээ одоо хүртэл үргэлжилж байна. Энэ хугацаанд хүүхэд өвдөх нь эцэг эхчүүдэд ямар их хүнд тусдагийг, тэд яаж шаналдгийг биеэрээ мэдэрсэн. Баян-Өлгий аймагт 900 гаруй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн оноштой. Үүнээс үүдэн олон хүүхэд сургууль, цэцэрлэгт явж чадахгүй байгаа. Энэ хүүхдүүдэд бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс өөрийнхөө унаж яваа машинаа хандивлаж байна" хэмээн тэрээр хэллээ.

Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн холбоо нь 2011 онд дэргэдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулжээ. Тус төв жилд давхардсан тоогоор 250 хүүхдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлж, тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх хүчин чадалтай. Гэвч төвийн багш нарын цалингийн асуудал шийдэгдээгүйгээс сүүлийн жил гаруй хугацаанд үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа ажээ.   

Холбоотой мэдээ