Орон нутгийн төсөвт хараат бус шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-09 22:19:51

Ховд /МОНЦАМЭ/. “Ховдын толь сонин” ТББ-аас орон нутгийн төсөвт хараат бус шинжилгээ хийж, тайлангаа танилцуулав.

Тус ТББ нь Нээлттэй нийгэм форум сангийн дэмжлэгтэйгээр “Хариуцлагатай төсөв” төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн үйл ажиллагаа өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн бөгөөд Ховд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 17 багц төсөл, үйл ажиллагааг сонгон авч, нийт төсөвт хараат бус шинжилгээ хийжээ.

Мөн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийн зарцуулалт, үр дүнд мониторинг хийсэн байна.

Эдгээр ажлын үр дүнг тайлагнах, олон нийтэд нээлттэй мэдээлэл түгээх зорилтын дагуу Ховд аймгийн ИТХ болон "Ховдын толь сонин" ТББ хамтран "Нийтийн сонсголын тухай хууль"-д нийцүүлэн “Нийтийн сонсгол” зохион байгуулав.  

Нийтийн сонсголд аймгийн ИТХ, ЗДТГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, бусад төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр төслийн багийнхан орон нутгийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд анхаарах зарим зүйлсийг танилцууллаа.

Үүнд, Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн урьдчилсан саналыг аймаг нэгдсэн байдлаар олон нийтэд танилцуулах, хэлэлцүүлэг хийх журмын заалтыг хэрэгжүүлэх, төлөвлөлтөд эдийн засгийн үр өгөөж болон нийгмийн үйлчилгээний тэнцвэрийг харгалзан үзэх, хуулинд заасны дагуу инженерийн шугам сүлжээ, зам барилга гэх мэт ажлын тендерийг төсөв баталмагц зарлах зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах шаардлагатай гэлээ.

Мөн чанар, үр дүнг сайжруулах талаар гарсан ололттой зүйл гэвэл: Тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа төсөвт өртгийн 5 хувийг гүйцэтгэлийн баталгаанд барьцаа болгон авч үлдээд, чанар үр дүнгээс хамааруулан буцааж олгох асуудлыг гэрээнд тусгадаг болсон. Барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавихдаа мэргэжлийн холбоо болон ахмад мэргэжилтнүүдийг оролцуулдаг болжээ гэв.

Үүнээс гадна төслийн хүрээнд Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангийн 2011-2018 оны зарцуулалт, үр дүнд мониторинг хийх явцдаа зээлийн 34.48 хувь буюу 803.4 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан болохыг илрүүлжээ.

Цаашид холбогдох хууль тогтоомж, түүнийг дагаж гарсан журмыг хэрэгжүүлэх болон орон нутгийн төсвийн зарцуулалт, гүйцэтгэлд анхаарах санал, зөвлөмж боловсруулна. Улмаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч нар болон ЗДТГ-т танилцуулах замаар дутагдлыг залруулж ажиллахыг санал болгоно гэж “Ховдын толь сонин” ТББ-ын тэргүүн Г.Төрмөнх онцлон хэлэв.  

Холбоотой мэдээ