Зөвлөх багш Х.Солтанмурат сурагчдыг алтан үеийн киноны үнэт зүйлээс суралцуулах зорилгоор ном гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-11 17:12:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн монгол хэлний зөвлөх багш Х.Солтанмуратын сурагчдад зориулсан "Монголын уран сайхны алтан үеийн кинонуудын үнэт зүйлс, хэл соёлоос суралцъя" ном олны хүртээл боллоо.

Зохиогч номондоо "Сэрэлт", "Ард Аюуш", "Хатанбаатар Магсаржав", "Шинэ үсгийн багш", "Их замын тоос", "Нийслэл хүү", "Тунгалаг тамир", "Хөдөөгийн баясгалан" зэрэг 47 киноны хамгийн сонирхолтой, торгон мөч, шийдвэрлэх хэсэг, хөгжөөнт үйл явдлуудаас театрчилсан үзүүлбэр, дүрийн тоглолт хийхэд тохируулан хэсэгчлэн оруулжээ.

"Боловсролын олон улсын өнөөгийн чиг хандлага нь суралцагчийг бие даан бүтээлчээр суралцахад боломж олгох, ялангуяа хэлний хичээлүүдэд ярих, хэлний хэрэглээний соёлыг эзэмшүүлэхэд чиглэгдэж байгаа. Алтан үеийн гайхамшигт тайз дэлгэцийн бүтээлүүдийг мундаг найруулагчид, зураглаачид, чадварлаг жүжигчид бүтээсэн болохоор дахин давтагдашгүй. Дээрх ном маань сурагчдад эдгээр хүмүүсийн бүтээсэн дүрийг даган дуурайж, үлгэр дуурайлалаар сурч хүмүүжих, киноны өөртөө таалагдсан хэсгээс жүжигчилсэн тоглолт хийх чадвар эзэмших, монгол хэлний мэдлэг, ярианы чадвараа хөгжүүлэх боломж олгоно" хэмээн зохиогч хэллээ.

"Монголын уран сайхны алтан үеийн кинонуудын үнэт зүйлс, хэл соёлоос суралцъя" номын нээлт энэ сарын 9-ний өдөр Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуульд болсон бөгөөд энэ үеэр тус сургуулийн сурагчид 30-аад киноны хэсгээс дүрийн тоглолт хийсэн байна. 

Холбоотой мэдээ