Хяналтын камерууд суурилуулснаар гэмт хэргийн гаралт буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-13 12:12:54

Завхан /МОНЦАМЭ/. Улиастай сумын хэмжээнд ажиллаж байгаа камеруудын тусламжтайгаар Улиастай, Алдархаан сум орчмын гэмт хэргийн гаралт буурчээ.

Улиастай сум “Цахим хот” болох зорилтынхоо хүрээнд "Төгс хурц консалтинг" компаниар 47 цэгт 149 хяналтын камерыг суурилуулсан байгаа. Эдгээр камерууд нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн, 100-500 метр орчмыг татаж таних болон холдуулж ойртуулах хүчин чадалтай учир машины марк болон дугаар, хүний царай төрхийг тодруулж татах боломжтой. Тиймээс хулгай болон гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдийг тухай бүр нь хянах, мөрдөх боломжтой юм. Камеруудын тусламжтайгаар 2018 онд гэхэд 50 гаруй зөрчил, гэмт хэргийг илрүүлээд байна. Энэ оны гэмт хэргийн илрүүлэлт ч сайн байгаа.

Ташрамд гэмт хэрэг үйлдэхээр завдаж байгаа болон үйлдсэн тухай баримттай мэдээллийг 50 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн төлбөрөөр иргэдээс авч байгаа. 12-оос дээш жилийн ял оногдуулах заалттай хүнд гэмт хэргийн тухай болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн худалдаа хүний наймааны гэмт хэргийн мэдээлэлд тав хүртэлх сая төгрөг, эрэн сурвалжлагдаж байгаа түүх соёлын хосгүй үнэт зүйлийн мэдээлэлд хоёр сая хүртэлх төгрөгийн төлбөрөөр иргэдээс мэдээлэл авч байгаа хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ