Баян-Өлгийд халдварт шар өвчний тохиолдол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-12 20:08:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын 12-ны өдрийн байдлаар халдварт шар өвчин буюу А гепатитын 135 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн 10 дугаар сартай харьцуулахад 50 тохиолдлоор өссөн үзүүлэлт юм.

Нийт тохиолдлын 61 нь аймгийн төвд, 41 нь Улаанхус суманд, 16 нь Бугатад, долоо нь Дэлүүн, хоёр нь Ногооннуур, дөрөв нь Буянт суманд, харин Алтай, Алтанцөгц, Булган, Сагсай суманд тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Мэргэжлийн байгууллагууд өвчний голомтын тохиолдол бүрт тандалт судалгаа хийж, хариу арга хэмжээ авч байгаа аж.

Халдварт шар өвчнөөр өвчлөгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч Д.Отгон, Б.Энхтуяа нар энэ сарын 2-8-ны өдөр Баян-Өлгий аймагт ирж ажиллалаа. Тухайн хугацаанд Улаанхус сумын эрүүл мэндийн төв болон тус сумын Хөх хөтөл багийн хүний их эмчийн салбарт дэмжлэгт хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Мөн аймгийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт сургалт хийж, А гепатит өвчнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, өвчний тушаал зааврыг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ