Ажилгүй, орлогогүй залуучуудыг ажлын байранд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-12 21:32:04

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөс ажилгүй иргэд болон залуучуудад боломжийг бий болгох зорилготойгоор 30 гаруй сургалтыг явуулжээ.

Тус төв ажлын шуурхай ярилцлага буюу цагийн ажил болон байнгын ажлын байранд залуучуудыг зуучлан ажиллаж байна. Мөн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж хэр байгаа болон шалтгааныг тодорхойлох зорилгоор 60 гаруй иргэний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлж, тэдгээрээс 45 залууг дараагийн үйлчилгээнд буюу бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтад хамруулсан байна. Эдгээр залуучууд баг бүрдүүлж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, бизнесийнхээ гарааг эхлүүлж амжилттай ажиллаж байгаа аж. Мөн залуучуудын нийгмийн болон хувийн чадамжуудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн үе шаттай модуль бүхий хоёр сарын хугацаатай таван удаагийн сургалтад 60 орчим залууг хамруулж 20 залуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдаж, бизнесээ эхлүүлэх санхүүгийн эх үүсвэртэй болжээ.

Эдгээр залуус байнгын ажлын байртай болсон. Өөртөө үйлчлэх нээлттэй өрөөгөөр 165 иргэн үйлчлүүлж бие биеэсээ суралцах, хамтран ажиллах, мэдээлэл солилцох, ажилд зуучлуулах зэрэг үйлчилгээг авч байгаа талаарх мэдээллийг тус төвөөс өглөө.

Ташрамд, тус төвийг Швейцарын хөгжлийн агентлагийн залуучуудын хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих төслийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил байгуулж, олон улсын жишигт нийцсэн шинэлэг үйлчилгээг туршин хэрэгжүүлж байгаа юм байна.

Холбоотой мэдээ