Тахийн нутгийнхан гар урлалаа Францад экспортолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-12-16 11:38:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаан ном”-д орсон тахийн сүргийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх, удмын санг нь хадгалах зорилгоор манай улсад сэлгэн нутагшуулж байгаа билээ. Энэ ажил Говь-Алтай болон Завхан аймгаас эхэлсэн.

Тухайлбал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын тал, Сээрийн нуруунд 2004-2005 онд 22 тахь нутагшуулсан юм. Энэ хугацаанд тахийн тоо толгой өсөж, өнгөрсөн онд 89-д хүрээд байна. Орон нутгийн Тусгай хамгаалалттай 28 га газарт нутагшсан тахь ирэх онд 100-д хүрнэ гэж Завхан аймгийн Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга Н.Батмэндлэх хэлж байна.




Дэлхийн байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд орон нутгийн эмэгтэйчүүд нэгдэн "Эвсэг эмэгтэйчүүд"  ТББ байгуулан, тэмээ, торомны ноос, хонины ноосоор хамтран гар урлалын бүтээгдэхүүн хийж захиалгаар Франц улсад гаргаж байна. Монгол үндэсний бүтээлийг манай улсад ирсэн Францын жуулчид, зочид төлөөлөл тахийн нутгийн бүтээгдэхүүн гэж онцлон авч, бүр Франц улсын "Виларе" төвөөс захиалан эсгий улавч, Тахийн зурагтай түлхүүрний оосор, “Хомын тал” гэсэн бэлэг дурсгалын жижиг гэр зэрэг гар урлалын бүтээгдэхүүнийг ихэд сонирхон авах болжээ. Цагаан эсгийгээр хийсэн ширмэл гутал, тэмээний ноосоор хийсэн нарийн микронтой, дулаан нөмрөг хүртэл захиалан авдаг болоод байна.


Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй тахь нутагшуулах төслийн хүрээнд, Францын тахь хамгаалах төвтэй хамтран ийнхүү монгол бүтээгдэхүүнийг Франц улсад экспортолж байна. 2008 оноос хойш 15 орчим малчин эмэгтэй 150 гаруй ноосон бүтээгдэхүүн урлаад байна. Ноосон эдлэлээс олсон ашиг орлого бүгд эмэгтэйчүүдэд зориулагддаг байна.


Б.Болд

Холбоотой мэдээ