“Их Хүрээ-2019” чуулганаар худалдааны салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-16 11:59:15
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй худалдаа эрхлэгчдийн “Их Хүрээ-2019” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн төлөөлөл болсон 800 гаруй хүн оролцож салбарын хөгжил, шинэчлэл, хандлага, хөрөнгө оруулалт, хүний нөөц, татварын шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл сонсон хэлэлцэж байна.


Манай улсын эдийн засгийн нэг гол салбар болох худалдааны салбарт нийт ААН-ийн 40 орчим хувь үйл ажиллагаа явуулж, 200 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж, ДНБ-ний 16.4 хувийг бүрдүүлж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлөн ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг Засгийн газар ямагт дэмжинэ гэдгийг онцолсон юм. Тэрбээр бизнес эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой хүнд суртал, дарамт шахалт, авилга, хээл хахуулийг ил тод, нээлттэй хэлж, мэдэгдэж байхыг хүсээд, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ч хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, иргэдийн эрүүл мэнд, байгаль, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас зайлсхийх ёстойг тэмдэглэлээ.  


Манай улс дэлхийн 150 улстай 10 гаруй тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж байгаа бөгөөд дотоод худалдааны салбарын борлуулалт 2018 оны байдлаар 21.6 их наяд төгрөг болж өсжээ. Гэвч худалдааны салбарт шийдэл хүлээсэн олон асуудлууд байгааг Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргасан тайлангаас харж болох юм.


"Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын тайланд энэ онд 141 улс хамрагдсанаас манай улс өмнөх оныхоос 3 байраар ухарч 102-т жагсжээ. Түүнчлэн бизнес эрхлэлтийн индексээр 190 орноос 81-д эрэмбэлэгдсэн нь өмнөх оныхоос 7 байраар ухарсан нь, хил дамнасан худалдааны дэд үзүүлэлтээр 143-т эрэмбэлэгдсэн нь бизнес эрхлэлтийн хамгийн сул гурван үзүүлэлтийн нэг болж байна. Тус салбарт шийдэх олон асуудал, хөгжилд хөтлөх олон боломж байна, гагцхүү төр, хувийн хэвшил хаа хаанаа санаачилгатай байж, хамтран ажиллах шаардлагатай байна" хэмээн МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Г.Амартүвшин онцлов.


Чуулганы үеэр Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах юм. Худалдааны салбарын нийт ажиллагсдын 90 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.


Түүнчлэн энэ салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, үндэсний сүлжээний боловсронгуй тогтолцоо бүрдүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг баталгаажуулах, мэргэжлийн шатлал, зэрэг дэв, цалин урамшууллын оновчтой систем бүрдүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гаргах аж.



Холбоотой мэдээ