2020 оны хүн ам, орон сууцны тооллого цахим санд суурилна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-12-16 17:32:21

Архангай /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн комиссын III хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хүн ам орон сууцны тооллогын зохион байгуулалтын талаар ярилцсан юм. Хүн амын тооллого өмнө нь 2010 онд болж, тоологчид өрх бүрт зочлон хүн ам, орон сууцыг тоолж байсан бол 2020 оны хүн амын тооллого нь цахимд санд суурилахаараа онцлог.

Уг тооллого нь 2020 оны 01 дүгээр сарын 9-16-ны хооронд орон даяар болно. Энэ тооллогод иргэд өөрсдөө идэвхтэй оролцох хэрэгтэйг сануулж байлаа. Өөрөөр хэлбэл, иргэн таны мэдээллийг багийн Засаг дарга цахимд шивж байгаа ба энэ мэдээллийн үнэн зөв байдалд иргэн та хяналт тавьж, шалгаж, баталгаажуулах юм.

Өнөөдрийн тооллогын комиссын хуралдаанаар ЦГ, Статистикийн хэлтэс хамтран орон гэргүй хүмүүсийг тооллогод хамруулах ажлыг зохион байгуулна гэлээ. Мөн ШШГГ хоригдож байгаа ялтнуудыг, ЭМГ, НЭ, сумын ЭМТ-үүд урт удаан хугацаагаар эмчлүүлж байгаа хүмүүсийг тооллогод хамруулах тал дээр анхаарч ажиллах юм.

Хурлын үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид эхний ээлжинд бүх байгууллагын дарга нарыг өөрийн байгууллагынхаа хүн бүрийг цахим санд хандаж, мэдээллээ шалгаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах чиглэл өгчээ.

Архангай аймагт тооллогын үеэр нийт өрхийн 10 хувьд нь гэрээр зочлох 112 тоологч, 28 хянагч ажиллана. Гадаадад байгаа иргэдийг интернэтээр тоолох аж. 

Холбоотой мэдээ