ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-12-16 20:38:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь энэ оны эхнээс эхлэн үе шаттайгаар, холбогдох стандартаар тогтоосон шаардлагын дагуу ISO 9001:2015 стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог аймагтаа төрийн байгууллагуудаас анх удаагаа нэвтрүүллээ.

Энэ нь нийгмийн даатгалын байгууллагын соёлыг төлөвшүүлэх, менежментийн чадавхийг бэхжүүлэх, иргэд, даатгуулагч, байцаагч ажилтнуудыг эрсдэлээс хамгаалах, удирдлага, хяналтын тогтолцоог үр ашигтай, оновчтой зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээний чанартай, хүртээмжтэй, шуурхай, нээлттэй, ил тод байдлыг хангах, улмаар байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, ажилтнуудын хөгжлийг хангах зорилготой ажээ. 

Архангай аймгийн төрийн үйлчилгээний чанарыг манлайлан сайжруулж, иргэдэд үзүүлж буй үйлчилгээнийхээ бүхий л үйл явцыг баталгаажуулан, даатгуулагчдын сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

НДХ байгууллагынхаа эрхэм зорилго, хэтийн зорилго, эрхэмлэх үнэ цэн, чанарын бодлого, чанарын зорилтыг тодорхойлж, шилдэг мэргэшсэн, үнэнч ёс зүйтэй, хамтын ажиллагааг дэмжигч, эелдэг тусч, эрч хүчтэй, бүтээлч санаачилгатай хамт олон байхаа илэрхийлэв.

Стандарт хэрэгжүүлсний эцсийн зорилго нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөрт өргөх, төрөөс үзүүлж буй нийгмийн даатгалын үйлчилгээг хөнгөн шуурхай, соёлтой хүн бүрт хүртээмжтэй хүргэх юм. Мөн тус хэлтэст ажиллаж байгаа ажилтнуудын чадамж, ур чадвар дээшлэх ач холбогдолтой юм. ISO хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын үйчилгээгээ шинэ шатанд гарч байна.

Холбоотой мэдээ