Үндэсний бичиг үсгээ эрхэмлэгч байгууллагуудыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-12-17 13:57:33

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас БСУГ-тай хамтран "Бичиг үсгээ эрхэмлэгч байгууллага" шалгаруулах уралдааныг зарлан явуулж, энэ сарын 16-нд дүнгээ гаргалаа. Төрийн болон төрийн бус байгууллагын ажилчин албан хаагчид, ард иргэдэд үндэсний бичиг үсгээрээ бахархах, сурах, сурталчлах хандлагыг бий болгох зорилго бүхий уг уралдаанд аймгийн ХХҮГ, Улаангом политехник коллеж, Улсын бүртгэлийн газар, ГБХЗХГ, Нэгдсэн эмнэлгийн хамт олон идэвх санаачилгатай оролцжээ 

Байгууллагын ажилтнуудын үндэсний бичгээ унших, бичих чадварын уралдаанд ЭМГ-ын мэргэжилтэн Н.Одвогмэд, МХГ-ын мэргэжилтэн О.Энх-Амгалан, БСУГ-ын нягтлан бодогч Д.Баянжаргал, ХХҮГ-ын мэргэжилтэн П.Майдэлгэр, ББЭХС ТӨХК-ийн инженер Н.Мөнхзаяа нар манлайлж, Халимаг улсад аялах эрхийн бичиг, тод бичгээр хэвлэж баринтагласан "Жангар" туулийн товхимлоор шагнуулсан байна.

2017 онд үндэсний бичгийн гэрлэн хаягтай байгууллага тус аймагт байхгүй байсан бол Монгол хэл, бичиг хѳтѳлбѳр хэрэгжсэнээр 2019 онд 56 байгууллага үндэсний бичгийн гэрлэн хаягтай болжээ. Мөн төрийн байгууллагын ажилтны уншлагын дундаж 15,4 байсан бол 2019 онд 44,5 болж, 29,1 үгээр ахисан байна.

Тэрчлэн тус хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн үндэсний бичгийн танхимд 2,9 сая төгрөгийн 2 төрлийн 780 ширхэг уншлагын ном, 4,8 сая гаруй төгрөгийн бийрийн сургалт явуулах иж бүрдэл нийлүүлж, 2019 оны 6-12 сард 45 багш, 410 сурагчийг бийрийн бичвэрийн сургалтад хамруулж, ЕБС-ийн монгол хэл, бичгийн 30 багш ӨМӨЗО-д туршлага судалжээ. Мөн Зүүнхангай, Өндөрхангай, Ховд сумын төрийн байгууллага, БТСГ, "Ойрад театр", "Галдан бошигт" өргөөнд үндэсний бичгийн орчин бүрдүүлэх ажлуудыг хийсэн байна.

 

Холбоотой мэдээ