Бурхан шашны эртний олдвор олж, аймгийн угсаатны зүйн музейд хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-20 15:09:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Билгэх баян бүрд гэх газраас малчин Ц.Энхмандал 19 дэсийн 34 ширхэг шашны олдвор олжээ. Одоо тус олдворууд аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байна. Иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, соёлын үнэт өвийг орон нутагтаа хадгалагдан үлдэх боломжийг олгосон түүнд аймаг орон нутгийн зүгээс хүндэтгэл үзүүлж, урамшуулал олголоо.

Ялгуусан суварга хоёр ширхэг, богд зонхова бурхан түүний хоёр шавь, бурхан багш, жанрайсиг, манал, ногоон дарь эх зэрэг бурхдууд, зэс тагш, тахил зэрэг 19 дэсийн 34 ширхэг олдвор элэгдэж муудсан модон хайрцганд бөөн байжээ.


Тэрээр хэлэхдээ, хонио хариулж яваад их элсэн дундаас олсон. Эхэндээ эргэлзээд, хэсэг харж зогсоод бас яах ёстойгоо бодсон. Тэгээд гэртээ очоод аав ээждээ хэлэхэд бүгд холбогдох газарт нь мэдэгд гээд бид шууд багийнхаа дарга руу хэлсэн. Мэдээллийн мөрөөр аймаг, сумаас мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлсэн баг ирж үзээд, танилцаад авч явсан. Би иргэн хүний үүргээ гүйцэтгэсэн. Харин үүнийг маань үнэлж аймгийн зүгээс болоод музейн хамт олон урамшуулж байгаад маш их баяртай байна. Манай нутгаас ийм олдворууд цаашид ч олдох магадлалтай. Тиймээс иргэдийг хэрвээ үл мэдэх эд зүйлс олбол хамгийн түрүүнд холбогдох хүмүүс рүү нь мэдэгдэж, баталгаажуулаарай гэж захимаар байна гэв.

Одоогоор олдворуудыг судалж шинжлэн цаг хугацааны хувьд хэдий үед хамаарах, хийц хэв маягийг тогтоох судалгааны ажил хийж байгаа аж.

Энэ бол угсаатны зүй, шашин, түүх археологийн маш үнэт олдвор. Бид олдворыг ирсэн даруйд холбогдох мэргэжлийн байгууллагад хандаж заримыг сэргээн засварт оруулсан. Үндэсний эрпэм шинжилгээний хүрээлэнгийн баг хоёр удаа манай музей дээр ирж ажиллаад явсан. Хэдийгээр цаг хугацааны хувьд тодорхой болоогүй ч 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед нуусан байж болзошгүй гэж үзвэл хамгийн багадаа 100 орчим жилийн өмнөх эд зүйлс юм. Мөн хоёр суваргыг маш нарийн хийцтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас тогтоосон. Одоогоор бид бүхэн олдворуудыг сан хөмрөгт хадгалж байна гэж аймгийн Угсаатны зүйн музейн захиралд Д.Ариундэлгэр хэллээ.


Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу археологийн олдвор олж, өвлүүлэн үлдээсэн иргэнийг шагнаж урамшуулдаг. Үүний хүрээнд Ц.Энхмандалд аймгийн ЗДТГ-ын зүгээс 4,8 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон юм.

Холбоотой мэдээ